Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар арав гаруй жилийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элсэх шийдвэр гаргаж, энэ хүсэлтээ гишүүн орнуудад тавьж байсан бөгөөд одоо бүрэн эрх гишүүн нь болж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Хүний эрх, үндсэн эрх чөлөөг дээдэлсэн иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох бүх нийтийн зорилгод ЕАБХАБ, тухайлбал, Ардчилсан институт, хүний эрхийн албатай өрнүүлж буй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар мөн санал солилцов. Тухайлбал, ЕАБХАБ нь бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг талууд дурдаж, мансууруулах бодисын хууль бус наймаа, авлига, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгээ нотлов.
Түүнчлэн цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.