Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой энэ сарын 6-ны өдөр уулзсан байна.
Уулзалтын үеэр ноён А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг түргэтгэх саналтай буйгаа илэрхийллээ. Хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг энэ оны 11 дүгээр сард эцэслэн, мөн оны 12 дугаар сард болох Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа дурдав.
Элчин сайд Д.Даваа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ хоёр тал Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зөвлөлдөх уулзалтуудын давтамжийг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ -д суугаа Элчин сайдын яам