“Токио-2020” зуны паралимпын XVI их наадамд өнөөдөр Монгол Улсын хөнгөн атлетикийн баг тамирчин оролцох хуваарьтай байсан. Тодруулбал, "Токио-2020" паралимпын наадмын хөнгөн атлeтикийн эрэгтэйчүүдийн тэргэнцэртэй Т53 ангилалд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай өрсөлдөж, Монгол Улсын рeкорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүний гараанд өндөр амжилт үзүүлсэн Тайланд, Франц улсын тамирчин цааш өрсөлдөх эрхээ авлаа.
Харин ОУХМ Д.Саруултөгс өнөөдөр зээрэнцэг шидэлтийн тэмцээнд өрсөлдөх байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж уг тэмцээнийг өнжиж байна. Паралимп наадамд анх удаа оролцож байгаа Д.Саруултөгсийн нурууны бэртэл сэдэрсний улмаас багийн удирдлагууд болон эмч, дасгалжуулагч, тамирчин зөвлөлдөн дээрх шийдвэрийг гаргажээ. Тэрбээр энэ сарын 4-нд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөнө.