Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

“Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тухайлбал, энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3,4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан байна гэв.
Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр  онцоллоо. Үүнд,
-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.


Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэ хууль нь:
-Цар тахлын дараах эдийн засгийг  эрчимжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогоор дэмжих
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх
-Төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.
Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад  бэлэн байгаагаа илэрхийлж байв. Төрийн худалдан авалтыг цахимжуулах, цахим хөгжлийн яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийн сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүслээ.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан