Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо


2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа өнөөдөр  чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо. 
“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо. 

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл таван жилийн хугацаатай байх юм.  

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага их. “Замын-Үүд” чөлөөт бүс нь Ази-Европыг холбосон хуурай замын гол зангилаа, олон улсын тээвэр ложистикийн төв болох бүрэн боломжтой учраас нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн үр өгөөжийг тооцон, алсын хараатай бодлого, төлөвлөлтийн дагуу үйл ажиллагааг нь явуулах учиртай. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид олон боломжуудыг алдсан. Алдагдсан боломжуудын өртгийг тооцдог бол хэдэн оронтой тоогоор хэмжигдэх байсныг хэлэхэд бэрх. “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлчихсэн байсан бол өнөөдөр бид 50 вагон, 100 машины асуудал яриад сууж байхгүй, хилийн боомт дээр ачаа бараа саатахгүй байлаа. Иймд одоо төр, засгийн зүгээс чөлөөт бүсийг зах зээлийн голдрилоор хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгохын төлөө ажиллана” хэмээв. 

2015 онд баригдсанаас хойш 6 жил болсон “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад  шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг 6 дахин, зорчигч тээврийг 3 дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Монгол бол Хятадын гол түнш, гол хөршүүдийн нэг. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”  гэдэгчилэн Эрээн, Замын-Үүд бол саахалт айлууд гэдгийг онцолж хэлээд, талууд харилцан ашигтай хамтарч ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно гэлээ.

1 Сэтгэгдэл
Дээрх мэдээг уншиж байхад арай л үйл ажиллагаа нь эхлээгүй бололтой юм уу даа. Попдолт нь эхлээд шүглээ үйлэнэж байна ккк
Хамгийн их уншсан