Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд,  Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн дарга С.Амарсайхан өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа.

Коронавируст халдвараас  урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө. 

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Цар тахлын үед эрүүл мэнд, онцгой байдлын албанд хандив тусламжийн шугамаар техник тоног төхөөрөмж, нэг удаагийн  хамгаалах хувцас  хэрэгсэл, ариутгалын бодис олгож буйгаас гадна сайн дурын идэвхтэнүүдийг бэлтгэж бүх аймаг, дүүргийн Онцгой Комиссын Шуурхай Штабт дэмжлэг үзүүлж байгаа аж.

 Өнгөрсөн жил 600 сайн дурын идэвхтэн бэлтгэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих, хүмүүнлэгийн тусламжийн багцыг түгээх болон коронавирусын үед иргэдэд зөв мэдээ мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажилласан бол өдгөө 400 сайн дурын ажилтан вакцинжуулалт, халдварын ойрын болон дам хавьтлын судалгаа хийж, цугласан мэдээллийг нэгдсэн санд бүртгэн, ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

2019-2021 онд МУЗН  байгалийн гамшигт өртсөн 7,750 өрхийн 27,000 гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ хороо,  дүүргээс айл өрх бүрийн нарийн судалгааг гаргуулдаг бөгөөд эргээд төсөл хөтөлбөрийн үр дүнг тооцоолсон үнэлгээг улирал тутам гаргадаг аж. Цаашид онцгой байдлын үед ажиллах 1800 сайн дурын идэвхтэнг бэлтгэж, төр засгаас хэрэгжүүлж буй хөтөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэн хамтын зүтгэлээр гар нэгдэн ажиллахаа Н.Болормаа дарга илэрхийлэв.

Цар тахлын амаргүй цаг үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг дэмжиж, иргэд олон нийтийг манлайлан хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамт олонд Шадар сайд талархал илэрхийлээд, гамшгийн үед төр засгийн бодлого шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэхэд сайн дурын идэвхтнүүд чухал үүрэгтэй учраас онцгой үеийн  боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь нийгмийн чухал нөлөөтэй ажил гэдгийг онцоллоо.

 Цаашид Үндэсний нийгэмлэгийн нөөц  чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх  бааз суурийг өргөжүүлэн олон улсын   түвшинд хүргэхэд  Шадар сайдын зүгээс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх болно хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан