Монгол Улсын Засгийн газраас “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох түүхэн шийдвэрийг гаргаж баталлаа.
Тус шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэр дээр 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомт дээр үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулах юм.
Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг тэр чигт нь хангах боломж бүрдэнэ.
“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гарах бүрэн боломж нээгдэнэ.
Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.