Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээнүүдийг авна
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улсын хэмжээнд 2021-2022 онд өвөлжих болон малын тоог малын төрөл, сүргийн зохистой харьцаанд тохируулан аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гарган хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах;
Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах бэлтгэж, 10.0 мянган тонноос багагүй хэмжээний нөөц бүрдүүлэх;
Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар анхаарч, халдвар тархахаас сэргийлэхэд хяналт тавьж ажиллах;
Өвөл, хаврын улирлын малын тэжээлийн хэрэгцээ, хангамжийг харгалзан дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл хивэгний экспортыг түр хязгаарлах эсэх, хязгаарлалт тогтоосон тохиолдолд нөхцөл байдлыг харгалзан зогсоох арга хэмжээ авах;
Их цас, хүчтэй салхи, цасан шуурга, хүйтрэлт зэрэг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээ, намар, өвлийн сарын болон улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тогтмол хангах, өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцож, үр дүнд тулгуурлан эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах ажиллах;
Ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шалган тогтоож, завсарын ажлыг шуурхайлах, зам даваа хаагдаж, цасан гулгаа үүсэхээс өмнө техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж, замын арчлалт, засварын ажлуудыг дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
Малчин өрхийн жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гаргах, коронавируст халдварын цар тахлын үед хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилсан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн ажиллах;
Ургац хураалт, хадлан тэжээл болон мал, мах бэлтгэлийн үед төв зам дагуу хяналтын постуудыг тогтмол ажиллуулах, дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай түргэн зохион байгуулж, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
Хур тунадас харьцангуй багатайн улмаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, мал бэлчээрлэх нөхцөл хүндэрсэн аймаг, орон нутагт гангийн эрсдэлийн шаардлагатай тохиолдолд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо.
Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах бүтээн байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Нийт хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад байна
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, 60,1 хувь нь хоёрдугаар буюу бүрэн тундаа хамрагдаад байна.
2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн нийт 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй, вирусын эсрэг 3.0 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байна.
Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгалаа.
Товч мэдээ
· Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцууллаа. Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийн хүрээнд 22,994 зээлдэгчдэд 1,730.0 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
· Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг зориулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт шилжүүллээ.
· 2021 оны тавдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд даалгалаа.
· “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”, “Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгов.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР