Паралимпын XIV их наадам өнөөдөр хөшгөө хаах гэж байна. Уламжлал ёсоор олимпын хамгийн сүүлийн тэмцээн уралдаан болох марафон гүйлтээр паралимп өндөрлөж байгаа юм. Марафонд Британийн алдарт гүйгч Дэвид Вейр дөрөв дэх алтан медалийнхаа төлөө уралдаж байгаа юм. Тэрээр 800, 1500, 5000 метрийн уралдаанд алтан медаль хүртэж, энэ удаагийн паралимпын гайхамшиг болоод байна.
Энэ удаагийн паралимпод 165 орны 4200 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Манай тамирчдын хувьд спортын зургаан төрөлд хүч үзсэнээс хараахан медалийн тавцанд гарч чадаагүй билээ. Харин зохион байгуулагч Их Британийн баг 33 алт бүхий 118 медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна.
Энэ жилийн паралимпын нэг онцлог нь спорт гар бууны төрөлд өрсөлдсөн дэлхийн шилдгүүд эрүүл тамирчдаас илүүтэй байгаа онож дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон явдал хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Зохион байгуулагчид энэ жил 2,5 сая тасалбар борлуулна хэмээн төлөвлөж байснаа 200 мянгаар давуулан биелүүлж, 10 сая фунтийн орлого олжээ.
Английн цагаар үдшийн 20 цагт эхлэх паралимпын хаалтын ёслолд олон одод оролцохоос Жэй Зи, Рианна зэрэг дуучин “Coldplay” хамтлагийн “Viva La Vida” дууг дуулах юм байна.