Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл” багтсан. Хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 200 тэрбум төгрөг, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөг гэсэн ангилалтай тус зээлийг арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.
Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэд нийт 182.9 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ.
Цаашид малчин, мал аж ахуйн үйлдвэр эрхлэгчид малынхаа үүлдэр ашиг шимийг сайжруулах, бэлчээр хамгаалах чиглэлээр зээл авах хүсэлт нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг танилцуулан хэлэлцүүлж, малчдыг дэмжих зээлд нэмж 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд 100 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан мах бэлтгэх үйлдвэрт олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.