“Бичиг соёл” уран бүтээлийн үзэсгэлэн энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсынх болж өргөжин тэлж буй. Монгол уран бичлэгийн гайхамшигт биширсэн орос, буриад, халимаг, франц, хятад, өвөрмонгол уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнг хүлээн байж бүтээлээ ирүүлдэг болсон.Энэ жилийн үзэсгэлэнд дотоод, гадаадын уран бүтээлчдээс 50 гаруй бүтээл ирсэн юм.
ЗГХА Соёл урлагийн газар, Бичиг соёл төвөөс зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Энэ үеэр ЗГХА Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор “Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн билээ. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл гэдэг бол бид бүхний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос билээ.
2013 онд ЮНЕСКО-д Зайлшгүй авран хамгаалах биет бус өвийн нэг гэж бүртгэгдсэн монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрийг уран бүтээлчид залуу үедээ улмаар гадаад дотоодын олон үзэгчдийн мэлмийд толилуулах нь бидний эрхэм зорилго билээ.Манай агентлаг нь эх хэл, бичиг үсэг, түүх соёлын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж, танин мэдүүлэх, үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ контент, бүтээгдэхүүн бий болгох, иргэн бүрийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх бодлого барьж, төрийн болон олон нийтийн байгууллага, хувь хүний оролцоог нэмэгдүүлэн ажилладаг.
Үндэсний дархлаа болсон соёлын өв, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, эрдэм мэдлэг, уран мэдрэмж, сэтгэл оюунаа зориулан бүтээлээ туурвиж, олон түмний оюуны мэлмийг баясгасан нийт уран бүтээлчид та бүхэнд талархал илэрхийлье. Өв их бичиг соёл улам түгэн дэлгэрэх болтугай” гээд уран бүтээлчдэд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100
жилийн түүхэн ойн мэндийг дэвшүүлж, Төрийн дээд одон медаль, мөн шилдэг бүтээлийн шагналыг гардууллаа.
Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш, каллиграфийн мастер Д.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн, чөлөөт уран бүтээлч Ш.Гэрэлсайхан Л.Сүхбаатар, Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Л.Атар,Б.Энхцэцэг,М.Энхбаяр, Голомт банкны дизайнер Ц.Тамир, “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн шагналыг “Монголын нууц товчоо” бүтээлээр Э.Одбаяр хүртсэн бол тусгай байрын шагналыг “Өндөр гэгээний соёмбо үсэг оршвой” бүтээлээр М.Эрдэмбилэг,тусгай байрын шагналыг “Түвшин шударга туйлын цэнгэл бүтээлээр ”Ц.Тамир нар хүртэв.