Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва танилцуулав.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Түр хорооны гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл сонсож байгаад талархал илэрхийлж, энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ болохыг онцоллоо. Мөн тэрбээр “Энэ хууль хотын хөгжлийг 2040, 2050 он хүртэл харж тодорхойлох суурь нөхцөлийг бий болгож байгаа” хэмээсэн юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд нэг л удаа уг хуульд өөрчлөлт орсон. Улаанбаатар хотод үйлчлэх  нийт 150 гаруй  хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан байдаг. Иймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, практик ажилтнуудын санал, зөвлөмж гарсаар байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан