Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр төрөөс соёлын талаар хэрэгжүүлэх бодлогын чиглэл тодорхой болж байна.

Мөн төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгснөөр монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ.

Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явц технологийн үр дүнд соёлын солилцоо, харилцан нөлөөлөл идэвхжиж, давамгай соёлд уусах, автах байдал эрчимжиж байгаа энэ цаг үед Соёлын тухай хуулийг баталсан нь эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлган, эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар:

“Эрхэм гишүүд ээ, бид Соёлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд олон жилийн дараа Соёлын яам байгуулагдсан. Улмаар УИХ Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь монгол өв соёлоо хадгалан хамгаалах, бүтээлчээр хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх замаар монгол бахархалыг сэргээн бадраах, монгол соёлын дархлааг бүрдүүлж монгол соёлоо дэлхийд сурталчилах Төрийн бодлого хэрэгжиж байгаа юм” гээд хуулиа батлуулахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй хүмүүст УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Соёлын тухай хуульд орж буй гол өөрчлөлтүүд:

  • Үндэсний соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих, хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулах талаар төрөөс баримтлах соёлын бодлогыг хуулийн зорилтод тусгагдсаны дагуу “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг шинээр зүйл болгон нэмж тусгасан.
  • Монголчуудыг бусдаас ялгарах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлж, хадгалж, хамгаалах ажлын хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгсөн.
  • Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний, Монгол Улсын оршин тогтнохын үндэс тул соёлын үйл ажиллагааг бүх нийтийн оролцоонд тулгуурласан байхаар цар хүрээг өргөтгөсөн.
  • Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тухайлан зааж, төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлтэй байж болох, зөвлөл хэрхэн ажиллах талаар тусгасан.
  • Хүний соёлын эрхийг хангах, соёлын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, зорилгоор хуулийн төсөлд “Соёлын боловсрол” зүйлийг тусгасан. Энэ нь бүх насны иргэд соёлын боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, амьдралын чанараа дээшлүүлэх, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг бий болгох юм.
  • Соёлын үнэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх, хадгалж хамгаалах, бүтээн туурвих, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёл, судлалыг шинэ шатанд гаргахаар зорьсон. Мөн соёлын салбарын хөгжлийн стратеги, төлөвлөлт, бодлогын суурь судалгаа хийх, судалгааны мэдээллээр хангах байгууллагыг Соёлын яамны харьяанд ажиллуулахаар хуульд тусгасан.
  • Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлгийг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгасан.
  • Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг хуульд тусгасан.
  • Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа.
  • Соёлын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийтийн ашиг тусын тулд соёлын салбарт ашиглагдах дотоодод үйлдвэрлэдэггүй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулахад гаалийн татварын хөнгөлөлтийг үзүүлэх заалтыг оруулсан.
  • Соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор мэргэшлийн зэрэгтэй болгож, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох, мөн төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан.
  • Соёл, урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж соёлын байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, дэмжлэг үзүүлэх талаар заалтыг оруулсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг үе шаттайгаар байгуулж, зохиогчийн эрхэд суурилсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулан олон улсад зах зээлээ тэлж, монгол соёлын нөлөөг дэлхий дахинд түгээн соёлын салбарын эдийн засгийн бүтээмж нэмэгдэх юм.
  • Соёлын үйлчилгээнд тавигдах нөхцөл, стандартыг шаардлагыг тодорхойлж, аймаг, нийслэлд Соёлын хяналтын байцаагчтай байхаар тусгасан. Энэ стандарт шаардлага нь соёлын үйлчилгээний төрөл бүр дэх онцлог харилцааны нийтлэг шаардлагыг байх, эрүүл ахуйн болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны хэрэгцээ, техникийн шаардлагыг хангуулахад чиглэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан