Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.
Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.
Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоохоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.
Товч мэдээ
· Коронавируст халдвар цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо.
Хилийн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.