Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

TRADE FORUM-2021 анх удаа болж, худалдааны салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

TRADE FORUM-2021 худалдааны салбарт дахь тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. МҮХАҮТ-аас анх удаа санаачлан зохион байгуулсан тус чуулган нь Монгол Улсад шинэ үеийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна.

Форумын эхний илтгэлийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүллээ. Тэрбээр “Дэлхийн таваарын худалдааны хэмжээ 2020 онд 5.3 хувиар буураад байсан бол энэ онд найман хувиар өснө гэж Дэлхийн худалдааны байгууллага тооцоолжээ. Өнгөрсөн онд бараа таваарын худалдааны нийт үнийн дүн найман хувиар хумигдсан бол бөгөөд үйлчилгээний экспорт гэхэд 20 хувиар буурсан байна. 2020 онд хамгийн их алдагдал хүлээсэн салбарын нэг нь худалдаа” хэмээн тодотгоод энэ оны эхний хагас жилийн байдлаар худалдааны салбар дахь саад, бэрхшээл төдийлэн багассангүй. Бараа бүтээгдэхүүний орох гарах урсгал, татан авалт ч хүндрэлтэй хэвээр байна гэлээ.

Дэлхийн банкны эрхлэн гаргадаг “Бизнес эрхлэлтийн ерөнхий индекс” үзүүлэлтээр 2020 оны байдлаар 190 орноос Монгол Улс 81 дүгээр байр эзэлсэн бол хил дамнасан худалдааны үзүүлэлтээр 190 улсаас 143 дугаар байранд буюу маш тааруу үнэлгээ авсан байна. Дэлхийн өрсөлдөх чадвар тайланд дурдсанаар, нийт 64 улс хамрагдсан уг судалгааны үр дүнгээр, манай улсын ерөнхий өрсөлдөх чадвар 60 дугаар байранд жагсчээ. Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 2021 оны хувьд тун доогуур үнэлгээ авч, хойгуур байр эзэлжээ. Эдгээр үзүүлэлт нь худалдааны салбарын өнөөгийн суурь нөхцөл байдлыг илэрхийлж байгаа юм.

Худалдааны салбарын 100 жилийн түүхэн ой нь нэг талаас салбарынхаа ололт амжилтыг дүгнэх, нөгөө талаасцаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чухал цаг үе гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцлон тэмдэглэсэн. Түүний хувьд худалдааны салбарт бодлогын яам, хууль зүйн тогтвортой, тодорхой орчин үгүйлэгдэж байгааг ярьж, хэлж ирсэн. Учир нь, худалдаа тойрсон асуудал Засгийн газрын түвшинд яамд хооронд орхигдсон чигтэй байгааг хатуухан шүүмжилж, МҮХАҮТ илүү манлайлан санаачилга гарган ажиллах боломжтой байгаагаа илэрхийлж, Худалдааны хуультай болох саналыг удаа дараа дэвшүүлж байгаа.

TRADE FORUM-2021 форумаар ковидын үеийн бизнесийн өөрчлөлтийг танилцуулсан юм. 2019 онд дэлхийн нийт жижиглэн худалдааны 14 хувийг эзэлж байсан цахим худалдаа 2020 онд 17 хувьд хүрч, өссөн байна. Энэ онд ч тус чиг хандлага үргэлжлэх нь. Дижитал технологи гарч ирснээр дэлхийн ертөнц хурдтай өөрчлөгдөж буй. 2020 оноос хойш цар тахлын нөхцөл байдал дижитал шилжилтийг хурдасгаж эхэлсэн. TRADE FORUM-2021 форумын зочин илтгэгчээр оролцсон “Одо экосистемс” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Машнууцсүх дээрх өөрчлөлтийг ч мөн онцолсон юм. Түүний хувьд хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийг нэг системд нэгтгэж, үйлдвэрлэгчийг нийлүүлэгчтэй шууд холбосон бараа таталт, нийлүүлэлтийн нээлттэй нэгдсэн захиалгын системийг хөгжүүлж буй.

TRADE FORUM-2021 форумын ээлжит сэдэв нь тээвэр ложистик. Тус салбар сүүлийн 20 жилд 4.6 дахин өсжээ. Ачаа тээвэрлэлт тойрсон хүндрэл сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байна. Хил гааль дээр бараа бүтээгдэхүүний түгжрэл үүссэн нь эдийн засгийн томоохон алдагдал юм. Ковидын нөлөө худалдааны салбарт томоохон сорилт болоод зогсохгүй урьдын тулгамдаж байсан олон асуудлыг хойшлуулах бус нэн даруй шийдвэрлэхэд хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан