Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн мэдээллээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон байна.
Тодруулбал, өршөөлд хамруулахгүйгээс бусад Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг нэг удаа чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.
2017 оны долоодугаар сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага 95 хувийг нь шийдэж 6 сая 154 мянга 933 удаагийн зөрчлөөр нийтдээ 168 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.