Улс орон хөгжих, эдийн засаг тэлэх, хүн амынх нь амьжиргаа сайжрах, өрхийн орлого нэмэгдэх эсэхийг шийддэг гол үзүүлэлт бол экспорт. Тухайн улс хэдий хэмжээний, хэчнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж, гаднын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаас хөгжлийн түвшин нь тодорхойлогдох аж. Хөгжингүй орны зэрэг зиндаад хүрч чадсан орнууд томоохон экспортлогч, үйлдвэрлэгч болсон байх жишээтэй. Зөвхөн дан ганц нэг салбарт түшиглэх эсвэл түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч байх бус орлогын эх үүсвэр нь төрөлжиж, эдийн засаг нь тэр хэрээр эрсдэл даах чадвартай болсон байх юм.
Худалдааг авч үзэх улс орнуудын урьдын уламжлалт хандлага улам нарийсаж, ойлголт нь гүнзгийрч байна. Тус салбарын ач холбогдол, нэр нөлөө нь томорсоор. Монгол Улсын хувьд орчин цагийн худалдааны салбар бий болоод энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. 100 жил буюу нэгэн зуунтай тэнцэх, хоёр зуун дамжсан тус салбар одоо хүртэл бодлого тодорхойлох яамгүй, худалдааны харилцааг зохицуулсан бие даасан хууль байхгүй гэхээр төр засаг хэр их анхаарч хийж байгааг эндээс харж болохоор.
Худалдааны асуудал төрийн аль нэг яам, агентлагийн хавсарга буюу “шоовдор хүүхэд” гэлтэй нүд үзүүрлэгдэж ирсэн. Хар үгээр буюу маш бүдүүн тоймоор хэлэхэд, бараа бүтээгдэхүүн солилцох үйл явц буюу худалдаа нь тухайн улс орны “Хэн байхыг...” өмнөөс шийдэж өгч байна. Гэвч бид үл ойшоох нь дийлсээр, чухал салбараа зөнд нь орхижээ. Худалдааны салбар 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна гэсэн статистик бий. ДНБ-ий 15.4 хувь гэдэг чамлалттай үзүүлэлт. Худалдааны салбар экспортыг бус импортыг шүтэх чиг хандлага ноёрхсон хэвээр.
Чингис хааны үед Их Монгол Улс дэлхий дахиныг байлдан дагуулсан эзэнт гүрэн болоход дайн дажинаас гадна худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлсэн нь томоохон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүхэнд ч энэ нь тод томруун үлдсэн. Худалдаа хүн төрөлхтний хөгжлийг хурдасгаж, улс орны дэвжиж, дээшлэх замыг зассан. Энэ утгаараа худалдаа амин чухал. Тэгвэл манай улсад Европын холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төсөл 4 жилийн хугацаанд хэрэгжээд, төслийн хаалтаа хоёр хоногийн өмнө хийлээ.
Европын холбооны татвар төлөгчдийн мөнгөөр 2017 оноос эхлэн хэрэгжсэн уг төслийн үр дүнд Монголын 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж хөлд орж, экспортын чиг баримжаагаа тодорхойлж авлаа. Бүтээгдэхүүнээ эхнээс нь Европын зах зээлд танилцуулж, бие даан үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд дотоодын бичил үйлдвэрлэгчид мэдлэг, туршлага, чадвар суулаа. Бусадтай өрсөлдөх, ялгарах хэмжээнд өнгө төрхөө оллоо. Итгэлтэй болж, урагшлах урам зориг авлаа. Энэ болгон нь TRAM төслийн ач тус гэж тэд хэлж байна. Төслийг Монголд илүү үр дүнтэй хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгахад гүүр болж ажилласан байгууллага бол МҮХАҮТ. Танхимын дэргэд уг төсөл хэрэгжсэн бөгөөд үйлдвэрлэгчдийн хувьд цаг үеэ олсон бодит дэмжлэг байсныг онцолж буй.
Худалдааг дэмжих төсөл уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулжээ. Төслийн үр дүнд экспортын дөрвөн төрлийн кластер бий болж, үйлдвэрлэлийн шугам нээгдсэн байна. Ингэснээр олон улсын зах зээлд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнээ экспортлох хэмжээнд ирлээ. Энэ бол эхлэл. Хэдий тийм боловч эхлэл өөрөө тухайн ажлын 50 хувь нь байдаг.
Тодруулбал, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Тэмээний ноос, сарлагийн хөөврийн кластер, Чацарганын кластер, Арьс ширний кластер Европын холбооны Монголын худалдааг дэмжих төслийн хүрээнд байгуулж, үйл ажиллагаа нь үндсэндээ жигдэрчээ. Төсөл зөвхөн кластер байгуулаад зогссонгүй бүтээгдэхүүн экспортлоход туслах, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд, Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн ур чадварыг дээшлүүлэхэд хамгийн их анхаарлаа хандуулж, үүнд эдийн засгийн болон оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй эсвэл аж үйлдвэр, шинжлэх ухаан нь хослон хөгжиж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь өнөөдөр дэлхий тэргүүлэх эдийн засгуудын нэг болж байна. Гайхамшиг бүтээсэн орнууд экспортыг нэн тэргүүнд авч үздэг. Хүнд, хөнгөн аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл эрхлэх орнууд дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж байна. Тэд экспорт хийхийн төлөө хоорондоо өрсөлдөж, олон улсын худалдааны салбарт өөрсдийн байр сууриа бататгаж эхэллээ. Өрсөлдөөн ширүүсэж байгаа нь энэ. Дэлхийн хил хязгааргүй худалдааны задгай “далай”-д Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гарах тэр цагийг TRAM төсөл наашлууллаа. Баярлалаа, TRAM.
Б.Мөнх-Эрдэнэ