Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” /МоАХ/ төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна” гэжээ.

“МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨН:
  1. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Дарьсүрэнгийн Сүхбаатар,
  2. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, бэлтгэл офицер, Бригадын генерал Баянмөнхийн Билэгт,
  3. МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАХ-ны Тамгын газрын дарга Сэдэдийн Эрдэнэцогт,
  4. “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч, “Ситинет” компанийн зөвлөх, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан Пунцагийн Улаанхүү,
  5. “Шинэ дэвшилт холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Намсрайноровын Цэнгэл,
  6. Нийслэлийн Багахангай дүүргийн МоАХ-ны дарга Баатарын Болор-Эрдэнэ нар шагналаа гардан авлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Түүхт төр улсынхаа хараат бус, бие даасан, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлын төлөөх улс даяарын эгээрэл мөрөөдөл, ард олны эрмэлзэл хүслийг тээн Нэгэн мянга есөн зуун наян есөн онд Монголын мянга, мянган ухаантан, сэхээтэн, зоригтон, чин сэтгэлтэн, үнэн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэн, мэргэн бодлого ухааныг сийлэн зарж, төв түвшин, энх тайван хувьсгал үүтгэн цагийн салхийг зөв эргүүлснээр ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, бүрэн эрхт, тэгш байдлыг сэргээн тунхагласан “Монголын Ардчилсан холбоо” (МоАХ), түүнийг уухайлан дэмжсэн Монголын ард түмний ялалтын 32 жилийн ой бол Ардын хувьсгалын 100 жилийн түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монголын ард түмэн бидний Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа даяар олноо тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бээр монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр баталгаажиж, оюун санаанд оршиж байна. Өнөөгийн бидний энэ бүх үнэтэй бүхэнд уриалан дуудаж, ард нийтээрээ уухайлан дэмжсэн Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг Ардчилсан Монгол Улсын нийт ард түмэн хүртэх бүрэн эрхтэй гэж үзэн:

  • Түүхт төр улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулан, үндэсний оюун санааны нэгдлийн үндэс Эзэн Богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тунхаглан зарласны төлөө;
  • Нэг нам төвтэй захиргаадалтын дэглэм бүхий “нам төр”-ийн тогтолцоог халж, олон намаас бүрдсэн, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчим, үзэл санаа бүхий парламентын “засаг төр”-ийн тогтолцоог хэвшүүлэн тогтоож, бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ Монголын нийт иргэд эдэлдэг болсны төлөө;
  • Эцэг өвгөдийнхөө түүх цадиг, бичиг соёл, ёс заншил, өв уламжлалыг сэргээж, иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсны төлөө;
  • Хэлмэгдлийн хар шуурганд өртөж, цаазын ял тулган буудуулсан, харьд цөлөгдсөн, шоронд хоригдож, эрүү шүүлтэд тарчилсан мянга мянган эх оронч, ихэс дээдэс, эрдэмт мэргэд, эгэл ардын гэм нүгэлгүйг нотлон цагаатгаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, удам судар, ураг төрөлд нэр төр, эрх чөлөөг буцаан олгосны төлөө;
  • Монгол Улс дэлхийн улс гүрнүүдтэй чөлөөтэй харилцаж, монгол хүн аль ч улс оронд дураар зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, аялж зугаалах эрх, эрх чөлөөг олгосны төлөө;
  • Нийгмийн гэх эзэнгүй өмчлөл, нийтийн гэх хөдөлмөрийн мөлжлөгийн харилцааг халж, хувийн өмч, шударга хөдөлмөрийг хүн бүхний амьдралын үндэс болгосны төлөө;
  • Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн чөлөөт харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж, хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 шахам хувийг бүтээж, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүрээгээ тэлж байгаагийн төлөө;
  • Мал сүргийг ард малчдад буцаан өгснөөр мал сүргээ 80 сая толгойд хүртэл өсгөж чадсан малчин түмнийхээ монгол ухааны төлөө:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын Ардчилсан холбоо” ТББ-ыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж  байна. Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан социалист хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг  мөнхжүүлж байгаа хэрэг мөнөөс мөн.

Хөрстөд ганц Эзэн Богд Чингисийн үр сад, хүчирхэг дээдсийн улбаа хойчис, хөх тэнгэрийн ивээлт монголчууд аа,

Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно.

Бид алдаа оноогоо цэгнэж, ямагт алсыг харж, олон ургалч үзлийг уралдуулан хөгжилд тэмүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж цогцлоож байж Монгол Улс дэлхийн дэвжээнд дэвшил хөгжлөөрөө, үндэс язгуураараа, уламжлал соёлоороо, туулж давсан баялаг түүхээрээ тодорч, монгол хүн эх орныхоо эзэн нь байж, эрх тэгш, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмний үйлс мөнхөд бадарч байх болтугай” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан