Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ОХУ-д хийж буй ажлын айлчлал 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Тэрээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгугийн урилгаар “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хурал”-д оролцож байгаа юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран барималын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр уран барималыг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж уран барималуудыг байршуулах болно” хэмээн тодотгожээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “ Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” байршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээжээ.
Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай чөлөөт ярилцлага өрнүүлж, бусад төлөөлөгчдийн хамтаар уран барималын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхжээ.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Москва дахь Элчин сайдын яамны байраар зочилж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваатай уулзалт хийсэн байна.