Монгол Улсад 2020 оны байдлаар 12,324 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг бага балчир насанд нь илрүүлэн нэн даруй хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээнд хамруулах талаар олон улсын чиг хандлага, Монгол Улсад нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комисс”-ыг (цаашид Комисс гэх)” байгуулсан. Уг комисс нь 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих зорилготой.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шинэчлэн баталлаа.
Комиссын дүрмийг шинэчлэх гол хэрэгцээ шаардлага нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдэнд шаардлагатай нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйлчилгээ авч буй хүүхэд, эцэг эхэд шударга, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлэх, шуурхай зохион байгуулах, хяналтыг сайжруулах, ил тод болгоход чиглэсэн.
Дүрэмд комиссын хурлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим болон нүүдлийн зэрэг хэлбэрээр ялгаатай байдлаар зохион байгуулах, комиссын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, санд агуулагдах мэдээллийн төрлүүд, санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавих, комиссын үйл ажиллагааны хяналт шалгалт, оролцогч талуудын хариуцлагын асуудлыг шинээр тусгасан.
Аймаг, дүүргийн 30 салбар комисс нь 2016-2020 онд давхардсан тоогоор нийт 20,658 хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилсан байна.