Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халамжийн бодлогоос хөгжлийн бодлогод шилжих нь зөв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.06.21/ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын 2021 оны төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн явц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б. Жавхлан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ,Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис болон Сангийн яамны газрын дарга нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. 2019 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засаг 10.07 хувийн уналттай байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 5.3 хувийн уналттай болсон байна. Инфляци тавдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байна. Хилээр бараа татах хурд саарсантай холбогдуулан инфляци өссөн гэдэг тайлбарыг өгөв. Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ төсөөллөөс хоёр дахин бага гарсан боловч үнэ өсөлттэй байгаа тул төсөвт тооцсон дүн алдагдалгүй байгаа аж.

Мөн Сангийн сайдын мэдээснээр, ковидын хөл хорионы үед өрхийн сарын дундаж орлого огцом  өөрчлөгдөөгүй тогтвортой байсан гэдэг мэдээллийг өгсөн юм. 2019 оны 4-р улиралд өрхийн дундаж орлого 1,375,000 байсан. 2020 оны нэгдүгээр улиралд 1,450,000 болсон. Мөн дундаж зарлага 1.4 сая хэвээр байгаа гэдгийг онцоллоо. Цаашлаад 2020-2021 онд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсэн хаалгаа барьсан байгууллага цөөн байна гэж макро эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх танилцуулгадаа онцоллоо.

Төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлд зарлага 84.5 хувьтай байгаа бол төсвийн орлого өмнөх оныхоос өсөлттэй байгаа гэв. Засгийн газрын гадаад өр 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 61.1 хувьтай байна.

Цар тахлын хүрээнд хоёр жилийн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн эдийн засгийн  арга хэмжээг авсан. Үүний 612 тэрбум нь хүүхдийн мөнгө, ус цахилгаан дулааны хөнгөлөлтөд зарцуулагдсан байна.

Гурван хувийн хүүтэй зээл одоогийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр  2.5 их наяд төгрөг зарцуулж 70,000 байгууллагын 17,000 зээлдэгчид очоод байна. Ирэх найман сард энэхүү зээлийн гүйцэтгэл 100 хувь болно гэж мэдээлэв.

Бүлгийн гишүүд халамжийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Түүхий эдийн үнэ тэр тусмаа зэсийн үнийн өсөлт өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийг аварлаа. Зэсийн үйлдвэрт сангийн сайд хяналттай байх хэрэгтэй. УИХ хууль батлах, төсөв батлах хоёр том эрх мэдэлтэй. Гэвч Ковидын хуулиар энэ эрхийг гүйцэтгэх засаглалд өгчихсөн. Энэ эрхийг УИХ-д буцаан авчрах хэрэгтэй. Сайд нарын дураараа төсөв зарцуулдаг байдалд Сангийн сайд та эргээд буруутан болно шүү гэдгийг сануулъя.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2021 оны төсөв батлахад манай бүлгийн гишүүд “ковидын үеийн төсөв байж үр ашиггүй зарлага их байна” гэдгийг удаа дараа сануулсан. Төсвөө батлахдаа Pfuzer зэрэг баталгаажсан вакцинд зардал тавих байсан. Цаашид ч вакцины асуудал хэдэн жил үргэлжлэхийг бид мэдэхгүй. Тиймд цар тахлыг амжилттай даван туулсан орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Мөн банк 0.3 хувийн хүүтэй зээлийг олгохын зэрэгцээ өөрсдийн зээлийг тодорхой хувьд авахыг шаардаж байгаа асуудалд анхаарал хандуулаарай. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх боломж байгаа юу.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол төрийн бодлого эдийн засагтаа сайн анхаарах хэрэгтэй. Одоо сонгуульд зориулсан эдийн засгийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй.Экспортын бүс нутагт онцгойлон анхаараарай. Нэмүү өртөг үйлдвэрлэгдэг салбартаа төр анхаарах цаг болсон. ТӨК-ийн удирдлага “задарсан”. Удирдлагад хэт олон хэсгийн төлөөлөл орсноор нэгдмэл бодлоготой болж чадахгүй байна. Хамгийн ашиг багатай улс орны хөгжилд хэрэгтэй ажлыг ТӨК хийж, ашиг өндөртэй ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх дэмжлэгийн бодлоготой байх хэрэгтэй.  2021 оны эдийн засгийн тэлэлт ямар байх юм. Нэг хүнд ногдох ДНБ хэд болох уу.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Манай улс өрсөлдөх чадвараараа Венесуэл зэрэг улстай зэрэгцэж явна. Гааль дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалт зогссон. Дундаж давхарга гэж байхгүй боллоо. Улсын төсвөөс хэдэн төгрөгт вакцин авсан байна.Одоо өгч буй халамжууд үргэлжлэх эсэх мөн төсөвт тодотгол хийх үү.Шатахууны үнийг хэзээ болтол барих боломжтой байгаа талаараа мэдээлэл өгнө үү.

Одоогийн байдлаар 82.8 сая ам долларт дөрвөн сая вакцин худалдан авсан байна. ЭМЯ-ны жилийн төсөв 1.4 их наяд. Одоогийн байдлаар 32.3 хувь буюу гуравны нэгийг ньзарцуулсан байна. Иймд төсвийн тодотгол хийж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр, шатлалтайгаар нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцоллоо.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Сайнзориг нар гишүүдэд мэдээлэл өгөв.

Тус хууль батлагдсанаар "Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой болно, иргэд төрийн мэдээллийг шуурхай авах боломж нээгдэнэ, гадаад паспортыг цахимжуулах мөн хаягжилтын асуудлыг цэгцлэх" зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг хөнгөвчилнө гэж хууль санаачлагчид үзэж байна.

Мөн 16 наснаас дээш Монгол Улсын иргэнд 12 оронтой тоо бүхий тоон гарын үсэг өгнө. Одоогийн байдлаар цахим үнэмлэхийн огт ашиглагдаагүй чиптэй хэсгийг ашиглалтад оруулах аж. Тухайн иргэний мэдээлэл, эрүүл мэндийн карт, эмчилгээний түүх, тоон гарын үсэг, жолооны үнэмлэх зэргийг нэгтгэн тус чипээр дамжуулан ашиглах юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан