Халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн яаралтай тусламж үйлчилгээг хүргэж, эмчилгээний зөвөлгөө мэдээлэл өгөх зорилгоор УОК-ын шийдвэрийн дагуу дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлсэн.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Баянзүрх дүүргийн 17, 26 дугаар хороодод ажиллаж буй Явуулын амбулаториудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, эмч ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шалгалаа.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд ажиллаж байгаа Явуулын амбулаторид нийт 150 иргэнд эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, PCR шинжилгээ авахад 60 иргэнийх эерэг хариу бүртгэгджээ.
Иргэд халдварын хавьтал болсноо мэдсэн даруйд PCR шинжилгээ өгье хэмээн Явуулын амбулаторид ихэвчлэн хандаж байгаа гэнэ. Хэрэв хавьтагч болсноо мэдсэн бол нэн түрүүнд өөрийгөө тусгаарлаж харъяа өрхийн эмнэлэгтээ мэдэгдээд, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд PCR шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг Явуулын амбулаторид ажиллаж буй резидэнт эмч нар зөвлөлөө.
Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр хүнд болон хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эрэмбэлж, хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг гэрийн хяналтанд бүрэн авчээ. Хүнд өвчтэй иргэдийг хэвтүүлэн эмчилснээр эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж мэдээллэв.
Халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед шинж тэмдэг илэрсэн иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шат шатандаа анхаарч ажиллах хэрэгтэйг Шадар сайд сануулсан юм. Тэрээр халдварын тохиолдол бүрийг хөнгөн шинж тэмдэг өгч байгаа үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх талын зохион байгуулалтыг хийж байгаагаа дуулгаад газар дээр нь ажиллаж буй эмч сувилагч, резиндэнтүүдийг бүхий л боломж нөхцлөөр хангахаа мэдэгдсэн юм.