Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн /2021.06.14/ ээлжит хуралдаанаараа

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Мөн коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх мэдээллийг  ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Зохихсүрэн,

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна нар өглөө. Харин Бүлгийн гишүүд дараах байдлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өмнөх Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн бодлогоос энэ хөгжлийн төлөвлөгөө юугаар өөр, хүрэх төвшингийн хэмжүүр нь юу вэ. Ажлын байр, ажил эрхлэлтийн тухай ямар төсөөлөл байгаа. Та бүхэн ажилгүйдэл 6.5 хувь гэж байна гэж танилцууллаа. Энэ тоогоор бол түүхэнд байхгүй доод төвшинд хүрчээ. Энэ тоог ямар аргачлалаар гаргадаг, та нарын итгэл үнэмшил хэр байна вэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтад ямар ахиц гарах вэ. Үндэсний хөгжлийн газар Засгийн газрын өрийн талаар ямар бодлого, чиглэл барьдаг вэ.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Улсын төсвийн хэмжээ өмнөх жилүүдээс эрс өссөн. Тиймээс хүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн баталгаа гаргах зэргээр Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтад улсын төсвөөс хөрөнгө  оруулах боломж бүрдсэн. Иймэрхүү байдлаар бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт хэр байна вэ.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үндэсний хөгжлийн газар улс орныхоо хөгжлийг урьдчилж харж, төлөвлөж явдаг учраас та бүхэн мэдээлэл сайн байгаа байх. Тухайлбал их өөдрөг төсөөлөл гаргаад зургаадугаар сарын 15 коронавирусний халдварын тохиолдол буурна гэсэн төлөвлөлт яасан бэ. Коронавируст халдварын үед хэрэгжиж хуулийн үйлчлэл ирэх сард дуусна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэгүүд ч долдугаар сарын 1-нээс зогсоно.  Гэтэл халдварын тоо дэлхий нийтийн анхааралд орохоор нэмэгдчихлээ. Та нарын төлөвлөгөө халдварын өсөлттэй хэр уялдаж байгаа вэ. Агуулах барина, эрүүл мэндийн сургалт, тандалт хийх зэрэг ажлыг аль эрт хийгээгүй юу. Иргэдийн эрүүл мэнд, хүнд хандсан ямар бодлого гаргасан юм бэ. Эдийн засаг өсвөл иргэдийн амьдрал аяндаа дээшилнэ гэсэн ерөнхий бодлого бариад байна уу. Гадаад өрийн тааз хэмжээгээ давчихсан байна. Өрийн тааз одоо хэдээр давсан байгааг хэлж өгнө үү.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Засгийн газар мөрийн хөтөлбөр баталчихсан. Түүндээ уялдуулсан төлөвлөгөө боловсруулмаар байна. Хэрэгтэй, хэрэггүй хууль олныг баталж байна. Биелэх боломжтой хуулиа л одоо батлах хэрэгтэй юм. Та нар үнэхээр Монголын хөгжлийн бодлого төлөвлөдөг юм бол Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч. Тэгвэл би дараагийн асуултаа асууя. Яагаад ажил чинь явахгүй байна гэхээр тогтолцоо чинь буруу байна. Засгийн газрын нэг агентлаг нь хөгжлийн бодлого тодорхойлох гэхээр, яамтайгаа зөрчилддөг. Тогтолцоогоо өөрчилж байж та нарын ажил явна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Өвчний халдвар яаж өсч байна. Гэтэл аймаг, орон нутагт онош тодруулах лаборатори дутагдалтай хэвээрээ. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга. Улаанбаатарын том клиник эмнэлгийг түшиглэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх барилгыг барих хэрэгтэй. Эмч нар үнэхээр туйлдаж байна, зарим нь хувийн салбарт орж байна. Энэ янзаар эрүүл мэндийн салбар ажиллах хүнгүй болох нь.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхайн металлургийн болон исэлдсэн хүдрийг уусгах аргаар боловсруулах үйлдвэрийг барина гэж төсөв мөнгийг гаргажээ. Эдгээр үйлдвэрт яагаад хятадын технологийг сонгох болов. Энэ үйлдвэрүүдийн чинь ашиг, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэд байх вэ.

 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун нарын албаны хүмүүс танилцуулга хийв. Гишүүд, программ хангамжийн нууцлалыг хэн хариуцах, яагаад виртуал гэж нэрлэсэн бэ, цахим гэвэл дөхөм биш үү.  Хувьцааны зөрүүнээс татвар авдаг бол ханшийн зөрүүнээс олсон орлогоос татвар авах уу гэх зэргээр асуулт асуусан. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “хөдөлмөр хийхгүйгээр мөнгөө үржүүлнэ гэдэг эрсдэлтэй. Маш олон хүн хохирно. Ядарсан иргэдээ хамгаалах ёстой. Тиймээс хуульчилж хориглох ёстой. Хэний захиалгаар Засгийн газар ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа вэ. Хуулийн төслөө буцааж татах авах ёстой” гэлээ.  

Тус хуулийн төсөлд виртуал хөрөнгө худалдаж аваад хохирсон тохиолдолд төр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Үйлчилгээ үзүүлэгч тал иргэдэд санхүүгийн хувьд эрсдэлтэй, хөрөнгөө алдах магадлал өндөр гэдгийг хэлж ойлгуулсан байх гэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан