-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Долоон сар хэвлэлийнхнээс зайгаа барьсан болохоор сонин ихтэй байгаа байх. Лондонгийн олимпын үеэр таныг Дундговь аймгийн “Их мандлын хурд-2012” наадамд зодоглож, аймгийн начин цол хүртсэн гэж сонссон. Баяр хүргэе?
-Баярлалаа. Үндэсний бөхөөр барилдах дуртай. Гэхдээ бие жижиг болохоор нэг л болж өгдөггүй юм. Энэ жилийн хувьд олимпын наадамд оролцоогүй болохоор үндэсний бөхөөр барилдаад үзье гэж шийдээд нутгийнхаа наадамд зодоглосон.
-Тавын даваанд улсын өсөх идэр начин Б.Чинзоригоор аймгийн начин цолны болзол хангасан гэсэн байх аа. Гэхдээ өсөх идэрийн хувьд танд элэг бүсээ тайлаад өгчихсөн гэх юм. Энэ үнэн үү?
-Манай аавын шавь л даа. Тиймдээ ч намайг амлаж авсан юм билээ. Би ч их гайхсан. Гэтэл “Би танай аавын шавь байсан юм. Чи, бид хоёр нэг нутгийнх. Мөн чиний хувьд дэлхийд барилдаж буй хүчтэй бөхчүүдийн нэг. Нутагтаа нэг цол ав” гээд элэг бүсээ тайлж өгсөн. Үнэхээр их гайхаж, намайг хүндэлсэнд нь баярласан.
-Дараагийн даваанд Сайхан –Овоо сумын уугуул улсын начин Ц.Улаанхүүгийн хүү, сумын заан У.Мөнхчулуунтай таарсан гэсэн. Цолоо ахиулах боломж байгаагүй хэрэг үү?
-Арай л болж өгөөгүй дээ.
-Таныг наадамлаад явж байхад Лондонгийн олимпын наадам болж байсан. Ингэхэд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын барилдааныг үзэж чадсан уу?
-Амжаагүй ээ. Жаахан хариуцлагагүй л зүйл хийчихсэн дээ. Цагаанаагийн ялагдсан Английн бөх тийм ч сайн биш шүү дээ. Тэмцээн уралдаанд ч гэсэн нэг их финалдаад байдаггүй. Ялагдал хүлээсэн гэхэд нь гайхаж л байлаа. Уг нь, Цагаанааг олимпын наадамд финалдана гэдэгт 100 хувь итгэж байсан юм.
-Уучлаарай, олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлахад танд дасгалжуулагч, багш нараас тань авахуулаад Х.Цагаанбаатарыг явуулахаар болсноо хэн нь ч хэлээгүй гэдэг. Тухайн үед танд их хэцүү байсан байх?
-Энэ жилийн олимпын наадамд оролцоно гэдэгтээ итгэлтэй байсан. Бэлтгэл сургуулилтаа ч маш эрчимтэй базааж байлаа. Тухайн үед багш, дасгалжуулагчид “Чи оролцохгүй, Цагаанаа явахаар болсон” гэдгийг хэн нь ч хэлээгүй нь үнэн. Тэгэхэд хүмүүс миний гар утас руу залгаад “Телевизээр олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлаж байна” гэсэн. Сэтгэл санаагаар дэмжсэн олон хүн байсан ч надад үнэхээр хэцүү байлаа. Миний нас ч нэлээн явчихлаа. Дараагийн олимпод оролцох нөөц байсан ч жин их хасдаг болохоор тухайн тамирчинд хүнд байдаг юм.
-Тэр цагаас хойш таны бэлтгэл сургуулилт суларч, зарим хүн таныг их спортоо орхих гэж байгаа талаар ярьж эхэлсэн. Одоо ч гэсэн энэ яриа намжаагүй л байна?
-Бэлтгэл суларсан нь үнэн. Гэхдээ зодог тайлах тухай ярих арай л болоогүй байна. Ирэх сараас бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж тэмцээн уралдаандаа оролцох болно.
-Х.Цагаанбаатар та хоёрын хувьд мөнхийн өрсөлдөгч ч гэлээ сайн найзууд. Найзыгаа олимпод явахад нь юу гэж захиж, зөвлөж байв даа?
-Олимпод явахад нь “За, найз минь чи чадна аа. Сайн барилдана шүү” гэж захисан.
-Таны хувьд “Цагаанаа бид хоёр бие биеэ хурцалдаг сайн найз” гэж ярих юм. Гэтэл зарим хүн эсрэгээрээ “С.Мияарагчаа Х.Цагаанбаатарт дарагдаад амжилт гаргах нь хүртэл удааширсан” гэдэг?
-Цагаанаагийн хувьд өмнө нь томоохон амжилт гаргасан болохоор хүн бүр мэддэг л дээ. Миний хувьд 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж байсан. Жүдогийн олон улсын таван тэмцээн болоход бүгдэд нь түрүүлж байлаа. Гэтэл дэлхийн аваргад Цагаанааг явуулъя гэсэн. Тухайн үед “За” гээд л үлдэж байсан. Үүнээс гадна хэд хэдэн тэмцээний ард үлдэж л байлаа. Харин энэ жилийн хувьд жаахан харамсалтай санагдсан нь үнэн. Гэхдээ улсдаа болон тив, дэлхийд зөвлөгч, өрсөлдөгч маань болдог намайг хурцалдаг Х.Цагаанбаатарт хамтдаа байдагт нь баярладаг.
-Тэмцээн дээр мөнхийн өрсөлдөгч, гараад найзууд гэдэг шиг үү?
-Тийм ээ. Бид тэмцээнд гадаадын тамирчдыг цугтаа харж байгаад судална, ялна. Заримдаа хоорондоо таарна. Дэвжээнд бол өрсөлдөгч. Гараад сайн найзууд байдаг юм. Нэг нэгнээсээ зөвлөгөө авна. Жишээ нь, би нэг бөхтэй таарч барилдах гэж байгаа бол Цагаанаа дээр очиж тухайн тамирчныхаа сүүлийн барилдааныг асууна. Хэрхэн барилдсаныг нь мэднэ. Цагаанаа ч асуух юм байна.
-Дэлхийн жүдо бөхийн 66 кг-ын жингийн хоёр хүчтэй өрсөлдөгч хоёул манай улсынх болохоор хүмүүс баярладаг. Гэхдээ та хоёрыг олон жил нэг жинд барилдаж, хэн хэндээ амжилт гаргахад нь саад болж байна гэх шүүмжлэл бий. Жин өсч барилдаж болдоггүй юм уу?
-Хэцүү байдаг нь ойлгомжтой шүү дээ. Хүн бүр л мэдэж байгаа байх. Хоёулаа олимпын эрх хүртлээ гэхэд нэг нь л оролцох эрхтэй. Жин өсч буурахын хувьд дэмий гэж боддог. Тамирчдад өөрсдийн анхлан тэмцээн, уралдаанд оролцож сурсан жин гэж байдаг юм. Жишээ нь, жин өгслөө гэхэд тэр жингийнхээ хүчийг цуглуулна. Бөхчүүдийг нь судлах гээд хоёроос гурван жил шаардагддаг юм.
-Таныг 2008 оны олимпод оролцох бүрэн боломжтой байсан гэсэн. Яагаад оролцоогүй юм бэ?
-Тэгэхэд улсад нь олимпын эрх олгодог байсан юм. Тэр жилийн сүүлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бол олимпод явах боломжтой байсан л даа. Гэтэл холбооныхон энэ талаар мэдээгүй байсан учир эрхээ алдчихсан. Өөрөө ч мэдээгүй олимпын хувцсаа хүртэл өмсчихсөн, онгоцны буудалд буугаад олимпын тосгон руу явах гэсэн “Чи олимпод оролцохгүй ээ. Эрх чинь хаагдсан” гэдэг зүйлийг сонсч байлаа. Үнэхээр хүнд байсан. Ядаж очихоосоо өмнө мэдсэн бол өөр л дөө. Гэтэл Бээжингийн онгоцны буудалд буусан хойноо энэ талаар сонсох үнэхээр харамсмаар юм билээ.
Жүдо хэмээх их айлд багтсан би азтай
-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Аавыг тань самбо бөхөөр дэлхийд үнэлэгдсэн тамирчин байсныг мэдэх юм байна. Хамгийн анх бөхийн спортын гараагаа аавынхаа удирдлага дор эхлүүлсэн гэдэг юм билээ?
-1998-1999 онд “Хүч” спорт хороонд аавынхаа болон одоогийн “Хүч” спорт хорооны дэд хурандаа Баатарсүрэн нарын дор бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байлаа. Нэг мэдэхэд 10 гаруй жил өнгөрчихжээ. Миний хувьд одоо хэр нь энэ спорт хороондоо байгаа. Гэхдээ үеийнхэн дундаа спортын гараагаа нэлээд хожуу эхлүүлсэн гэж боддог.
-Яагаад?
-10 дугаар ангиасаа барилдаж эхэлсэн. Манай үеийнхэн улсын аварга, нэрэмжит тэмцээний аварга болоод л байдаг. Аав болохоор болоогүй гээд байлгаад байдаг. Бодвол зүрх нь үхчихнэ гэж боддог байсан байх л даа.
-Зарим тив дэлхийн аварга ч гэсэн их хожуу тамирчин болох гараагаа эхлүүлсэн байдаг биз дээ?
-Аав минь яг л наад үгийг чинь хэлдэг байсан. Багадаа хичээллэвэл зүрх нь үхнэ. Миний хүү сайн барилдвал 27, 28 насандаа амжилт гаргана гээд л. Нээрээ ч, ингээд бодоод байхад аавын минь хэлснээр бүх зүйл болж байх шиг. Гэхдээ манай тамирчид хожуу амжилт гаргадаг нь мэргэжлийн сэтгэлзүйч ховор байдагтай холбоотой. Сэтгэлзүйн бэлтгэлээ гадаадад очиж тэмцээн уралдаанд оролцож байхдаа л олж авдаг юм шиг санагддаг. Жишээ нь, Цагаанаа олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргадаг. Бэлтгэл хийхдээ Цагаанааг унагаасны дараа надад сэтгэлзүйн том бэлтгэл болж өгдөг. Учир нь, би дэлхийн ийм мундаг тамирчныг ялж байгаа юм чинь тив дэлхийд хүчтэй өрсөлдөж чадах юм байна гэсэн итгэл төрдөг.
-Та “Мон- Уран”-ы Б.Наранхүү ах миний сэтгэлзүйн бэлтгэлд ихээхэн тусалдаг” гэж ярьсан байсан?
-Би 2010 онд нэлээд сайн барилдаж байсан. Гэвч тэр жилийнхээ сүүлээс эхлээд 2011 онд ямар ч медаль аваагүй. Гэтэл Наранхүү ах намайг дуудаад “Ах нь чиний тухай сонсч, харж ч байсан. Сүүлийн үед чиний амжилт зогсонги байдалд орчихлоо. Ах нь чамайг дэмжье гэж боддог” гэж хэлж билээ. Миний хувьд уураг, амин дэм уухгүйгээр барилддаг байлаа. Энэ маягаар яваад байсан чинь нэг жил зургаан сар биеэр хатиг гараад хэцүү байдалд орсон. Тэр үед Наранхүү ах олон улсын картанд мөнгө хийж өгөөд Сингапурын эмч рүү явуулж билээ. Тэгээд “Миний дүү биеэ сайн бодоорой. Сайн эмчлүүлээд эргээд сайн барилдана шүү. Миний нэрийг гаргах нь хамаагүй. Чиний амжилт л сайн байвал болно” гээд маш том урам өгч байсан юм. Тэрнээс хойш бие эдгэж, эргээд амжилт гаргаж эхэлсэн. Тиймээс Наранхүү ахад баярлаж явдаг юм. Миний сэтгэлзүйч хамгийн том багш минь гээд хэлчихсэн ч болно. Ном худалдаад авчихсан “Миний дүү” унш гээд өгдөг гбайх жишээтэй.
-Манай жүдочдын уриа байдаг шүү дээ. “Хамтын хүч амжилт” гээд л… ?
-Тэгэлгүй яахав. Нэг хүн дангаараа хэзээ ч амжилт гаргадаггүй юм. Тусалж дэмжих хүмүүсээс гадна гэр бүл, нутаг ус, найз нөхөд, бэлтгэл сургуулилт цуг хийж буй дүү нар ч гэсэн надад үнэхээр их дэм болж, сэтгэл санаагаар дэмждэг. Ер нь жүдо бөхийн хамт олон дунд орсондоо хамгийн ихээр бахархаж, баярлаж явдаг юм.
-Сэтгэлзүйн талаар ярьсных тив, дэлхийн тэмцээн уралдаанд финалдаад өөрөөсөө жаахан илүү тамирчинтай таарсан тохиолдолд сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Бие сайн байвал хэнийг ч ялна гэж боддог. Тэрнээс сэтгэлзүйгээр унаад, айгаад байх шаардлага гардаггүй. Эсвэл хүнийг бардаж яваад унана. Нэг бол бэлтгэл сургуулилт таараагүй нөхцөлд унадаг.
Дүү нартаа мэдэж сурсан бүхнээ зааж сургана
-“Дэлхийн цом”-ын тэмцээн маргааш манай улсад болно. Танд оролцох боломж байсан ч, татгалзсан хариу өгсөн гэх юм. Яагаад?
-Уг нь, 66, 73 кг-д оролцох боломж байсан л даа. Залуу хойч үеэ бэлтгэх үүднээс энэ удаад зайгаа тавьж өгөх нь зүйтэй гэж бодсон юм. Тэд олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байж л туршлага сууна шүү дээ. Тиймээс л өнжих шийдвэр гаргасан. Харин ирэх сараас бэлтгэл сургуулилтаа сайн базааж тэмцээн, уралдаанд оролцох болно.
-Та “Дүү нартаа зайгаа тавьж өгнө” гээд л ярих юм. Гэтэл танай доод үеийнхэн ам нээх болгондоо л “Манай Мияа ах бидэнд байнга тусалж дэмждэг” гэдэг юм билээ. Дүү нартаа нэлээн халамжтай юм аа даа?
-Тэднийг аль болох дэмжиж туслахыг л хүсдэг. Өөрийнхөө чаддаг мэх, боломжтой бол бүх зүйлд нь туслахыг хичээдэг. Илүү гарсан уураг, амин дэмээ хүртэл адилхан хуваагаад хэрэглэх нь надад илүү сайхан байдаг юм. Тэмцээнд оролцоод авсан шагналын мөнгөө хүртэл аль болох хуваагаад л хэрэглэхийг хүсдэг.
-Өсөх ирээдүйтэй тамирчдын нэг н.Батгал таньтай их ойр байдаг юм билээ?
-Хайртай дүү нарын маань нэг байгаа юм. Зөвхөн миний гэлтгүй аавын минь хайртай шавь. Батгал бид хоёр хамтдаа 10 дугаар хороололд өссөн. Аав минь “Батгалыг сайн бөх болгоно оо” гэдэг байлаа. Манай Батгал чинь самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шүү дээ.
-2006 онд аавыг тань өнгөрөхөөс өмнө аварга болсон байх аа?
-Тийм ээ. Аавыг өнгөрөхөөс нь 10 гаруй хоногийн өмнө болсон тэмцээнд Батгал бид хоёр түрүүлж, багаараа нэгдүгээр байрт шалгарсан. Эргээд бодоход сайхан л санагддаг юм. Одоо Батгалаас гадна олон сайн дүү нар минь байна. Сайн ч барилддаг. Тэдэндээ мэдэж сурсан бүхнээ л зааж сургана.
-Хэзээ нэгэн цагт их спортоо орхих нь мэдээж. Гарын сайн шавьтай болмоор санагддаг л биз дээ?
-Одоо ч гэсэн бэлтгэл сургуулилт хийж явахдаа хэдэн дүү нартаа зааж зөвлөдөг. Өөрөө тамирчин хүний жаргал зовлонг мэддэг учраас гарын сайн шавь бэлтгэх бодол байлгүй л яахав.
-Ингэхэд С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нарын дараагийн үе хэр бэлтгэгдэж байгаа бол?
-Сайн бэлтгэгдэж байгаа. Төмөрхүлэг, Батгэрэл, Батсуурь гээд нэрлэж болно. Тиймээс одоо л бид хоёр зайгаа тавьж өгч хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Би ингэж л боддог.
Цагаанаа бид хоёрын мөрөөдөл биелсэн
-Таны амжилт бүр “Дархан” хэмээх тодотголыг дагуулдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Амжилт бүр ч юу байхав. Хамгийн анхны хүрэл медалийг Дарханд болсон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан юм. Мөн хамгийн анхны алтан медалиа Дарханд хүртсэн. Намайг тив дэлхийн тэмцээнд амжилт гаргахад хамгийн ихээр хурцалж байдаг Цагаанбаатар найз маань бас л Дарханых. Ер нь, надад Дархан хот их ээлтэй байдаг юм.
-Таныг анх Х.Цагаанбаатарт байнга өвдөг шорооддог байсан. Сүүлийн жилүүдэд л ана мана үздэг болсон гэдэг?
-Хүүхэд байхаасаа л бид хоёр аваргын төлөө барилддаг байлаа. Миний хувьд ихэнхт нь ялагдчихдаг байсан. 2009 оноос эхлэн анх удаа дарааллан гурав ялж байсан. Мөн дунд нь бас хоёр ялагдаад дахин хожоод л өгөө аваатай болоод байна.
-Сүүлийн үед давамгай ялдаг болчихсон юм биш үү?
-Тийм ээ. Аливаа зүйлд ээлж ирнэ гэдэг шиг л юм болж байна./ Инээв/
-Та хоёрын нэг мөрөөдөл байдаг даа. Олон улсын томоохон тэмцээнд хоёулаа хоёр талаас өрсөлдөгчөө ялж гарч ирээд финалдах. Энэ мөрөөдөл тань өнгөрсөн жилийн “World Masters” тэмцээнд биеллээ олсон байх. Тийм үү?
-Дэлхийн аварга ч юм уу, томоохон тэмцээнд финалдах тухай их боддог байсан. Тэр хүсэл минь ч гэсэн биелсэн. Зооны аваргын төлөө ялж гарч ирээд хоорондоо таарч барилдсан. Миний хувьд дөрвөн барилдаан хийснээс гурав нь дэлхийн аваргын медальтай тамирчин байсан. Тойрогт барилдсан Францын Луи Корваль 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальтай. Би өмнө нь таарч байгаагүй л дээ. Харин дараагийн тойрогт ОХУ-ын жүдоч Муса Могушковтой барилдсан. Бид хоёр 2010 онд хоёр ч удаа таараад, нэг, нэг ялж байсан юм. Дахиад нэг таарч барилдах юмсан гэж боддог байлаа. Хагас шигшээд барилдсан 2010 оны дэлхийн аварга, Японы Моришита Жунпейг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Өмнөх жилийн Парисын “Их дуулга”-д хүрэл медалийн төлөө барилдаад ялж байсан юм. Энэ удаад эхлээд вазари үнэлгээ аваад, дараа нь цэвэр ялсан. Цагаанаа ч нөгөө талаас ялалт байгуулж гарч ирээд хоёулаа “Гоё шүү” гээд нэг сайхан гараа цохилцож аваад барилдааны бэлтгэлдээ орж билээ. Ингээд аваргын төлөө Цагаанаатайгаа барилдаж ялалт байгуулж байлаа.
-Бүр хоёр дахь түрүү шүү дээ?
-Тийм ээ. Цагаанаагийн хувьд хоёр дахь тэмцээнд нь түрүүлж байсан юм. Өөрөөрөө бахархахаас илүүтэй гурван удаа зохион байгуулагдсан тэмцээнд бүгдэд нь монгол тамирчин түрүүлсэнд манайхан болон би өөрөө ч баярлаж явдаг юм.
-Хүмүүс таныг тэмцээн уралдаанд ялалт байгуулахдаа Х.Цагаанбаатарыг бодоход сэтгэл хөдлөл багатай гэдэг?
-Сэтгэл хөдлөл тамирчдад байх ёстой. Ялахын төлөө л дэвжээнд гарна. Өрсөлдөгчөө ялчихаад сэтгэл хөдлөл гаргадаггүй тамирчин тун ховор байх аа. Тухайн тамирчныг ялахыг хүссэн л бол сэтгэл хөдлөл илэрч л таарна. Олимпын наадамд ч гэсэн тамирчид барилдаан бүртээ л сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа биз дээ.
-Тэгвэл сэтгэл хөдлөл тань дээд цэгтээ хүрч байсан тэмцээнээ дурсаач гэвэл алийг нь нэрлэх бол?
-Мэдээж, мастеруудын цом. Түрүүлчихээд сэтгэл хөдлөл минь дээд цэгтээ хүрч байсан нь өчигдөр юм шиг л сэтгэлд тодхон үлджээ. Би дуу муутай хүн шүү дээ. Гэтэл юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй зогсоо зайгүй яриад л байсан гэсэн. Хүн болгонд л баяртай байгаагаа хэлээд үнэхээр жаргалтай байсан байх л даа. /Инээв/
-“Аюултай Монгол” нэрийг тэр жилээ авсан уу?
-/Инээв/ 2010 онд Европын цуврал тэмцээнд оролцож байхдаа авсан нэр байгаа юм. 40 жил жүдо тайлбарласан Германы Шейлтон гэж хүн намайг нэг секундэд гурван мэх хийсэн хэмээн тайлбарласан байдаг. Тэгээд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд очиход намайг “Хар азарга” гээд нэрлэчихсэн байсан. Ийм л хоёр цол гуншинтай болчихоод байгаа хүн дээ.
-Ингэхэд та хэр шартай вэ?
-Өөрийнхөө бодсон, сэтгэснээр л шар хөдөлдөг. Шал дэмий зүйлд гаргаад байхгүй. Гэхдээ шар хор хүнд хэрэгтэй. Тэрийг гаргах зүйлдээ л гаргах нь чухал.
-Ер нь, тэмцээнд оролцоход хэдхэн кг хасч байна вэ?
-5-6 кг хасдаг. Өөрөө бярдаж барилддаг болохоор хүндрэлтэй асуудал гарна. Сар болгон жин хасч тэмцээнд оролцдог болохоор биед ч гэсэн өөрчлөлт ордог.
-Нээрээ, саяхан Өвөрмонголын Ордос хотноо болсон БНХАУ-ын үндэсний бөхийн барилдааны тэмцээнд оролцоод ирсэн. Ямар амжилт үзүүлэв. Манай бөхчүүдийн хувьд өмнө нь Хятадын үндэсний бөхөөр барилдаж байгаагүй болохоор эхний барилдаануудаа тааруу хийсэн гэсэн?
-2003, 2004 оны үед манай жүдо бөхийн тамирчид ганц нэг удаа энэхүү тэмцээнд оролцож Чинбат маань хүрэл медаль хүртэж байсан удаатай. Эхний барилдаанд дүрэм янз бүрийн зүйлийг нь мэдэхгүй жаахан алдаа гаргасан. Жүдогоор бол гурван ч удаа цэвэр савсан. Тэгээд өрсөлдөгч бөхтэйгөө 3:3 –аар тэнцэж дэвжээний захад гарахад үнэлгээ алддагийг нь сайн ойлгохгүй ялагдал хүлээсэн. Харин дараагийн барилдаанд дөрөв ялж шагналт байрт шалгараад ирсэн байгаа.
-Ер нь, энэ бөхийн төрлөөр бэлтгэл хийгээд барилдвал манай бөхчүүд хэр амжилт үзүүлэхээр байна вэ?
-Манай үндэсний болон самбо, жүдо барилддаг бөхчүүдэд бас дөхөм санагдсан. Чөлөөтийн Б.Гомбодорж хүртэл мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Боломж бол бий. Ер нь, Өвөрмонголын тамирчдын ярьснаар 10 жингийн долоод нь Өвөрмонгол, үлдсэнд нь БНХАУ-ын тамирчид л аварга болдог гэсэн.
Охинтой болох бодол бий
-Тамирчдын гэр бүл хамгийн ихээр орхигддог гэдэг. Таны нэг ярилцлагаас “Одоохондоо ханьдаа тусалж чадахгүй л байна. Спорт залуу насных учир амьдралыг шатрын нүүдэл шиг авч явна” гэж хэлснийг уншиж байсан?
-Тийм ээ. Миний эхнэр Болорсайхан гэж сайхан бүсгүй бий. Надад хоёр хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Ар гэрийн бүхий л зүйлийг нуруундаа үүрч явдаг. Миний гаргасан амжилт ч гэсэн эхнэртэй минь салшгүй холбоотой. Намайг медаль авахад дагаад л баярладаг. Бэртэж гэмтэхэд сэтгэл нь мохсон ч хамгийн ихээр дэмждэг тийм л буянтай хүн дээ.
-Заримдаа ханьдаа сайхан хоол хийж өгнө биз дээ?
-За даа ер нь ховор шүү. Миний эхнэр бэлтгэлээ тараад ирэхэд бүх зүйлээ бэлтгэчихсэн байдаг болохоор жаахан муу зан сурчихсан хэрэг. Харин амралтын өдөр будаатай цай, хуушуур, бууз хамтдаа хийх үе гардаг.
-Хоёр хүү нь яг л жижиг С.Мияарагчаа биз?
-Аавтайгаа адилхан байлгүй яахав. Том нь одоо 12 настай. Бага нь цэцэрлэгийн сахилгагүй хүү бий. Ийм ч бөх, тийм ч зодоон гэсэн хүүхдүүд л байдаг. Гэхдээ манай том багыгаа бодоход нэлээн буурь суурьтай, даруу.
-Тэгвэл бага нь үймээний эзэн юм аа даа. Та багадаа тийм сахилгагүй хүүхэд байв уу?
-Би айлын дундах хүү. Жаахан эрх талдаа өссөн. Гэхдээ буруу эрх бол байгаагүй ээ. Гэрийн ажилд маш сайн байсан. Бага хүү минь хожуу гарсан болохоор нь эхнэр бид хоёр жаахан эрхлүүлээд өсгөчихсөн юм. Ухаан суугаад ирэхээр гайгүй болох биз дээ. Одоо нийгэмд хараад байхаар Монголоо алдсан зүйл их ажиглагддаг юм. Аав, ээжийгээ хүндлэх хүн цөөн болчихсон ч юм шиг. Өв, соёлоо дээдлэх хүнгүй болчихсон мэт санагддаг. Биднийг жаахан байхад аав, ээж минь бүх зүйлийг зөвөөр нь зааж сургадаг байсан. Хүн ирсэн байхад урдуур нь орж тавагтай чихэрнээс авч болохгүй гэдэг ч юм уу. Тиймээс хүүхдүүдээ зөв хүн болж хүмүүжүүлэх нь хамгийн чухал.
-Хоёр хүүгээ бөх болгох уу?
-Том хүүгээ өөрийнх нь сонирхлыг нь харж байгаад л болно доо. Үндэсний бөхөөр юм уу, шатар даамаар хичээллүүлэх бодол байдаг л юм. Манай бага бол барилдчих болов уу. Гэхдээ хүүхдээ хамаагүй шахна гэж боддоггүй юм. Өөрсдийнх нь сонголтыг хүндэлнэ.
-Охинтой болмоор санагдана биз?
-Тэгэлгүй яахав. Эхнэр бид хоёр энэ талаар бодож л байна. Цаг нь ирэхээр болох байлгүй дээ.
Ил, далд гэх авьяасгүй дээ
-Ард түмнийхээ итгэлийг дааж амьдрах хэр хэцүү вэ?
-Хувь хүний хүмүүжил л гэж боддог. Өчнөөн сайхан амжилт гаргаад хүмүүс хүндлэх тусам ааш нь эвдэрдэг тамирчид бий. Энэ нь маш буруу л даа. Хүн намайг хүндлэх чинээгээр би итгэлийг нь дааж олонтойгоо байхыг илүүд үздэг.
-Нутаг ус, уул усаа шүтнэ биз?
-Тийм ээ. Шүтлэгтэй байх нь зөв. Миний хувьд нутгийн сайхан уул, ус минь намайг түшдэг гэж боддог. Тэмцээнд барилдахын өмнө бурхандаа, нутгийн уул, усандаа залбираад л гардаг.
-Х.Цагаанбаатар шүлэг сайхан бичдэг. Ер нь, авьяастай. Мөнхийн өрсөлдөгч бас сайн найз С.Мияарагчаагийн далд авьяасыг сонирхмоор байна?
-Ил, далд гээд байх авьяасгүй дээ. /Инээв/ Манай найз нар морин хуур, хөөмэй тоглодог. Тэднийг дагаж жаахан маазарна. Хааяа нэг караокед орж дуулдаг. Бас хөдөө явж, аялах дуртай. Энэ жил харин хөдөөгүүр явж сайхан амарсан шүү.