Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна. Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан