Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Дэлгэрнаран:Иргэд сонгогчдын эрх ашигт болон бие биедээ хүндэтгэлтэй хандаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, мөн хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д  “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардууллаа.

Өмнө нь Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Дангаасүрэнгийн Энхбат нарын нэрийг дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороо  тэднийг  нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол тус тус гаргасан билээ.

Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах арга хэмжээний үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслийн төлөөлөл, нэр дэвшигчдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг дээдлэн, сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу шударга явуулах, ил тод, тэгш байдлыг хангах, иргэд сонгогчдын эрх ашигт болон бие биедээ хүндэтгэлтэй хандахын сацуу хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас ангид ажиллахын чухлыг дурдаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор өнөөдрөөс ийнхүү эхэлж байна. Иргэд сонгогчдод мэдээлэл түгээх, сонгуульд идэвхтэй оролцуулах талаар хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж олон нийтэд үнэн зөв, бодит, тэнцвэртэй мэдээллийг тэгш хүртээмжтэй түгээхийн чухлыг дурдаад төрийн сонгууль шударга, ил тод байх эсэх нь хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс ихээхэн хамааралтай гэдгийг онцлон хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан