“Чингис хаан -2012” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар Олон улсын жүдо бөхин холбоо, Монголын жүдо бөхийн холбооны хамтарсан хэвлэлийн бага хурал боллоо.Тэмцээнд Унгар-3, Унгар-3, БНХАУ-10, Япон-8, Словени-3, Чех-11, Киргизстан-9, БНСУ-29, Хонконг-7, Алжир-1, АНУ-2, Бразил-1, ОХУ-9, Монгол-56 жүдоч зодоглохоор болжээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос тус тэмцээнийг дэнслүүлэхээр 10 орны 19 шүүгчид эрх олгожээ. ОУЖБХ-ны Техникийн зөвлөлийн дарга, зохион байгуулах хорооны дарга Маттиас Фишер “Олон улсын жүдо бөх энэхүү нэр хүндтэй тэмцээнийг дөрөв дэх жилдээ хамтран зохион байгуулж байна. Дэлхий дахинд монголын албан ёсны нэрийн хуудас бол яах аргагүй Чингис хаан. Чингис хаанаар овоглосон энэхүү тэмцээн бол аль хэдийнэ дэлхий дахинаа нэр хүндтэй тэмцээнд тооцогдох болсон. Тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулдаг МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, дэд ерөнхийлөгч нар, зохион байгуулах хороо болон бусад бүх албаны хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн онцоллоо. ОУЖБХ-ны Энх тайвны хорооны дарга Б.Пагва “Монгол Улсын сурталчилахад энэхүү тэмцээн их чухал ач холбогдолтой. Лондонгийн олимпийн татамид шүүгчээр ажилласан 5-6 шүүгч энэ удаагийн тэмцээнийг шүүнэ. Монголын жүдочдын хувьд олимпийн дараагаар нэг хэсэг сэргэлтийн бэлтгэл хийж амрах ёстой байдаг. Гэтэл энэ удаад шууд бэлтгэлдээ орсон байгаа. Япон, Солонгос, ОХУ-ын багийн бүрэлдэхүүн хамгийн хүч өрсөлдөгчид байх болов уу. Мэдээж зохион байгуулагч орны давуу эрх эдлэж 56 жүдоч өрсөлдөх учраас түрүүлнэ гэсэн зорилго тавьж байгаа. ” хэмээн ярилаа. МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дараахь хариултыг өглөө.
-Тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг харж байхад дандаа залуу шинэ тамирчид байсан. Жүдо бөхийн холбооны зүгээс шигшээ баг шинэ хүмүүс бэлтгэж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Спорт гэдэг бол өмнөх үеэ хүч түрж гарч ирдэг үе шат. Нэг нь ялагдаж дараагийн үе нь доороос нь ялж гарч ирдэг бичигдээгүй хуультай. Залуу халамж халаагаа бэлдэж эхэлсэн. Хөдөө орон нутгийн зарим клубээс хүртэл тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа. Санхүү зардлаас шалтгаалаад орон нутгийн болон клубын тамирчид олон улсын тэмцээнд тэр бүр оролцож чаддаггүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид энэхүү тэмцээнд оролцож байгаа. Мөн сорилт явуулж тамирчдыг сонгон шалгаруулсан байгаа.
-Олимпийн медальтнууд болон шигшээ багийн ихэнх тамирчид тэмцээнийг өнжиж байгаа юм байна?
-Олимп гэдэг бол дөрвөн жилийн хөдөлмөрөө шалгуулдаг том даваа. Энэхүү том давааг давж медаль хүртсэн болон шигшээ багийн зарим жүдочид маань сэргэлтийн бэлтгэл хийж амарч байгаа.
-Олимпийн аварга Н.Түвшинбаярын гэмтэл нь ямархуу байгаа бол оо. Хэзээ хагалаанд орохоор төлөвлөж байгаа талаар тодруулмаар байна?
-Өвдгөний чагтган холбоос тасарсан байгаа. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээ дуусгаад дахин шинжилгээ хийлгэнэ. Тэгээд хагалгаа хийлгэх юм.
-Хэдий хугацааны дараа хагалгаанд орох вэ?
- Хоёр сарын дараа гэж төлөвлөж байгаа. Өмнө нь АНУ-д хагалгаанд орж байсан. Хагалгаа маш сайн амжилттай хийгдсэн шүү дээ. Тийм учраас энэ удаад ч АНУ-д хийлгэхээр судлаж байгаа.
-Х.Цагаанбаатар -73кг, Д.Төмөрхүлэг 66кг-д барилдана гэж байсан. Яагаад жин өгсч барилдаж байгаа юм бол оо?
-Х.Цагаанбаатар өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээнд 73кг-д түрүүлсэн учраас шууд орох эрхтэй гэсэн үг. Харин Төмөрхүлэгийн тухайд гэвэл цаашдаа жин өгсч 66кг-д барилдахаар болсон. Тэрээр 66кг-д сорилт барилдаанд ялсан учраас орж байгаа.
-М.Мияарагчаагийн нэрс 66кг-д барилдах бөхчүүдийн дунд байгаагүй. Яагаад энэ удаагийн тэмцээнд оролцоогүй юм бол?
-Оролцох эрх нь нээлттэй. Мияарагчаагийн хувьд энэ удаа өнжиж дараа, дараагийн тэмцээнд барилдана гэсэн байгаа.
-МЖБХ-ноос Лондонгийн олимпод 66кг-д болзол хангасан хоёр жүдочоос сонгож Х.Цагаанбаатарыг явуулсан. Үүнээс шалтгаалж С.Мияарагчаа Лондонгийн олимпийн дараагаас эхэлж зодог тайлахаар болжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар холбооны зүгээс албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-Бидний хувьд маш хүнд сонголт байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх аа. Мэдээж хэрэг Х.Цагаанбаатарыг ялагдахад хүн бүр буруу шийдвэр гаргасан гэдэг шүүмжлэл гарсан. Тамирчин хүн бүр ялахын төлөө л дэвжээнд гардаг шүү дээ. Мияарагчаа бол агуу бөх. Дэлхийн шилдэг 16 жүдочдын тулаанд хоёр удаа түрүүлж байсан. Түүний хувьд ААШТ, Гранд слам, Европын цуврал тэмцээнд бид бүхний хүлээж байсан амжилтыг үзүүлж чадаагүй. Тийм учраас үзүүлэлтийг нь харж Х.Цагаанбаатарыг сонгож явуулсан.
-Зодог тайлах талаараа холбоондоо мэдэгдсэн юм болов уу. Ер нь, цаашдаа тэмцээн уралдаанд барилдах уу. Бэлтгэл хийж байгаа юу?
-Холбоонд албан ёсоор зодог тайлна энэ тэр гэж хэлээгүй. Би хувь хүнд холбогдсон зүйл учраас өмнөөс нь хариулт хэлж чадахгүй нь. Ер нь бол тэмцээн уралдаанд оролцох эрх нь нээлттэй. Манай жүдо бол нас нэг их асуудал биш. Германы 33 настай тамирчин олимпиос мөнгөн медаль хүртсэн. 38 настай Израйлийн жүдоч хүртэл олимпод зодоглож байх жишээтэй.
Тэмцээний хөтөлбөр
Есдүгээр сарын 08 /Бямба гариг/
07:00-07:30 Албан бус хяналтын жин
07:30-8:00 Албан ёсны жин үзэх
11:00 Эрэгтэй -60кг, -66кг, -73кг
Эмэгтэй-48кг, -52кг, -57кг, -63кг
15:00 Тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ
16:00 Шигшээ барилдаан
Есдүгээр сарын 09 /Ням гариг/
07:00-07:30 Албан бус хяналтын жин
07:30-8:00 Албан ёсны жин үзэх
11:00 Эрэгтэй -81кг, -90кг, -100кг, +100кг
Эмэгтэй-70кг, -78кг, +78кг