УОК өнөөдөр хуралдаж бүх нийтийн хатуу хөл хориог 4-р сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 25-ны өдрийн 00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан билээ. Энэхүү саналыг нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэрлэлээ. Тодруулбал, дөнгөж сая Ерөнхий сайд, Шадар сайд нар мэдээлэл хийж УОК-оос гаргасан шийдвэрийг дэмжиж бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд хэлэхдээ “4 болон 5 дугаар сарыг дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн. Нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийнхээ 26 хувийг дархлаажуулаад байна. Энэ үзүүлэлтээрээ Азидаа дээгүүрт явж байгаа. 7 дугаар сарын 1 гэхэд иргэдээ вакцинжуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газар УОК-ын саналыг дэмжиж бямба гарагаас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа хэлэх нь зүйтэй. Мөн иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор буюу дэмжлэг олгохоор болсноо дуулгая” гэв. Харин Сангийн сайд санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхэлж данс руу нь шилжүүлнэ гэлээ.