Орост есдүгээр сарын 1-нээс нэгэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ бол “Эрүүл мэнд, хөгжилд нь хортой мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай хууль. Энэ нь телевизээр гарч байгаа кино, нэвтрүүлэг, интернэтийн мэдээллүүдэд садар самуун, хүчирхийлэл, ижил хүйстэн, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зүйл орвол өдрийн цагаар нэвтрүүлэхгүй байх, гаргавал дэлгэцийн буланд нас зааж өгөх ёстой болж буй юм. Үнэхээр ч телевизүүд, интернэт сайтууд энэ өдрөөс эхлэн дэлгэцийнхээ буланд +16, +18 гэсэн тэмдэглэгээ тавьдаг болж. Тэгээд ч ер нь ийм нэвтрүүлэг, уран сайхны кинонуудыг багачуудыг унтсан хойно 23:00 цагаас хойш гаргаж байхаар хуульчилсан юм.
Энд тамхи татаж, архи ууж байгаа үйл явдалтай кино, үүн дотор хүүхэлдэйн кинонууд багтаж буй юм. Үүнээс үүдэн орос орон даяар, иргэд, ялангуяа телевизийн уран бүтээлчид, хүүхэлдэйн киночдын дунд өргөн хэлэлцүүлэг өрнөв.
Энэ хууль ёсоор бол чоно, Гена матар тамхи татаж гардаг хэсэгтэй “Ну погоди”, “Гена матар” хүүхэлдэйн кино өдрийн цагаар гарахгүй, 23:00 цагаас хойш буюу “Багачууд аа, тавтай сайхан нойрсоорой” гэсэн нэвтрүүлэг дууссанаас хойш гарах болж байгаа хэрэг.
Тэгээд яах вэ, хүүхдүүд үүнд чинь үнэхээр дуртай хэдэн үеэрээ энэ л кинонуудыг үзэж өссөн юм гээд хуулиа хэрэгжүүлэхгүй байх уу, Эсвэл хууль ёсоо дээдлээд баячуудад зориулаад бүтээчихсэн киногоо хүүхдэд үзүүлэхгүй байх уу гэсэн хоёр асуулт зүй ёсоор гарч ирж байна.
Олон нийт янз янзаар тайлбарлаж, зарим нь бүр эсэргүүцэж байгаа ч хууль нэгэнт батлагдаад, тав хоногийн өмнөөс хэрэгжээд эхэлчихсэн.
Мэдээж хамгийн эхэнд дуугарсан хүмүүс бол телевизийн уран бүтээлчид. Тэд юун түрүүнд “Тэгээд бид хүүхдүүддээ юу үзүүлэх болж байна”, “Ну погоди” чинь манай хэдэн үеийнхнийг хүмүүжүүлсэн үе үеийн хүүхдүүдийн хайртай кино. Үүнийг чинь гаргахгүй бол хүүхдүүд бидэнд гомдоно шүү дээ. Тийм л болохоор бид давтан давтан үзүүлсээр ирсэн” гэсэн юм.
Оросын телевизийн академийн дэд ерөнхийлөгч Александр Митрошенков “Чоно туулайн адал явдалт хүүхэлдэйн киног “Багачуудаа сайхан амраарай” хөтөлбөрөөр ямар ч зааваргүйгээр үзүүлдгээрээ л үзүүлнэ гээд “Тэндээс бид нэг ч янжуур, нэг ч гаанс хасахгүй” гэж хатуу мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын зөвлөх эмч Генадий Онищенко бол “Ну погопи”-гийн баатрыг хамгаалж байна. Тэрээр “Чоно бол эсрэг талын баатар. Тэр өрөө гудамжны танхай этгээд учраас л тамхи татаж байгаа хэрэг. Тэгээд ч энэ нь ингэж болохгүй шүү гэсэн ухуулга болж байгаа болохоос биш хүүхдэд дуурайх сэдэл төрүүлэхгүй” гэж байна.
Зөвхөн телевизийн уран бүтээлчид төдийгүй олон нийт энэ талаар үгээ хэлж буй. Оросын сөрөг хүчний нэрд гарсан зүтгэлтэн Ксения Собчак “Чоно чинь тамхиа татахгүй бол шал өөр чоно болчихно шүү дээ” гэсэн бол хүүхдийн зохиолч Михайл Яснов энэ хуулийн талаар “Энэ бол бас л нэг ээлжит шоу, харин хэн гэдгийг нь би мэдэхгүй байна” гэжээ. Хүүхдийн зохиолчийнхоор бол энэ хүүхэлдэйн киног хассанаараа түшмэлүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа юм гэнэ.
Хүмүүс янз янзаар л сэтгэгдлээ илэрхийлж байна. Тэд “Хүүхэлдэйн киног хориглохын оронд хуулиа цуцал, “Дом-2” нэвтрүүлгийг өдөр гаргаж болдог, “Ну погоди”-г гаргаж болдоггүй, энэ чинь юу болоод байна аа” гэх мэтээр бичиж байна.
Ийн маргалдсаар байтал хууль нь хэрэгжээд эхэлчихлээ.
Олон нийт ерөнхийдөө хоёр зүйлд эргэлзэж байгаа юм. Мэдээж хамгийн эхэнд нь тухайн үедээ хүүхдээр жигшүүлэх зорилгоор бүтээсэн эдгээр дүр бүхий хүүхэлдэйн кинонуудыг хорих ёстой зүйлүүдийн дунд оруулаад бөөндчихсөн нь ямар учиртай юм бэ. “Ну погоди”-гийн чоно, “Гена матар”-ын Гена тамхи, гаанс зууснаараа хүүхдэд үнэхээр “Ингэх ёстой юм байна” гэж дуурайх сэдэл төрүүлсэн үү. Өнөөгийн хүүхдүүд бүү хэл, ээж, аав, эмээ өвөөгийнх нь үзэж сонирхож хүмүүжсэн энэ сайхан кинонууд тэгээд нэг бол насанд хүрэгсдийнх болж, эсвэл архивт хадгалагдах юм уу гэдэг асуудал үүсэв.
Нөгөө нэг зүйл бол телевизийн кино, нэвтрүүлэг, интернэтийн мэдээллийн буланд насны хязгаар заасан тэмдэглэгээ байрлуулах нь хэр оновчтой вэ. Харин ч бүр үзэх хорхойг нь хөдөлгөх юм биш үү гэдэг бас нэг асуудал болов.
“Тавиур дээр алим тавьсан бол чимээгүй л бай. Магадгүй хүүхэд чинь идэхгүй байж ч мэднэ. Харин энд алим тавилаа шүү, битгий идчихээрэй гэж хэлэх л юм бол хүүхэд заавал иднэ” гэсэн сурган хүмүүжүүлэхийн нэг афоризм байдгийг энд санахаас аргагүй. Хүүхэд үнэхээр яагаад үүнийг бидэнд үзүүлэхгүй гэсэн юм бол оо гээд харин ч зориуд хүлээж байгаад үзэх юм биш үү.
Юутай ч, хууль хэрэгжээд эхэлчихсэн нь сайны үр дагавар нь ч яахав 10, 20 жилийн дараа гарч эхлэх л байх. Наана нь ямар сөрөг үр дагаврууд гарах бол. Багачууд “Ну погоди”-г гаргаач гээд телевизийнхнийг захидлаар дараад, утасдаад байдаг. Тэд нь хүүхдүүдээ бодоод гаргадаг. Хууль зөрсөн болно....гэх мэтээр асуудал ч гарна л даа.