Их, дээд сургуулиудын төлбөр тэнгэрт хадах нь, 30-60 хувиар нэмэгдэж магадгүй гэдэг мэдээлэл өнгөрсөн сарын дуулиан байж нийгмийг тэр аяар нь цочирдуулсан. Харин салбарын шинэ сайд нь зангаргаа харуулж 10 хувиас хэтрүүлэн нэмбэл хатуухан хариуцлага тооцно гэснээр энэ асуудал цэгцэрсэн гэхэд болно. Гэвч бид “Их, дээд сургуулиудад сурах аргагүй боллоо” гэж ярьж, бичээд байсан хэрнээ хувийн дунд сургуулиудаа таг мартаж орхисон бололтой. Энэхүү сиймхийг ашиглаад дунд сургуулиудын төлбөр аль хэдийнэ тэнгэрт хаджээ.
Ерөнхийдөө нийслэлд “Олонлог”, “Эрэл”, “Шинэ Монгол”, “Радуга”, “Американ”, “International School of Ulaanbaatar”, “Сант”, “Орчлон”, “Улаанбаатар Элит”, “Хобби” гээд нийтдээ 250 гаруй хувийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо бий. Эдгээр сургуулийн жилийн сургалтын төлбөр нь харилцан адилгүй байдаг ч сая төгрөгөөс хол давжээ. Үнэндээ сая төгрөгийн төлбөртэй дунд сургууль Улаанбаатараас хайгаад олохгүй гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байна. “Орчлон” дунд сургуулийн төлбөр гэхэд хамгийн багадаа 8500.000 төгрөгт хүрчээ. Цэцэрлэгийнх нь төлбөр ч талийж өгч. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болох “Ү Цай”-гийн төлбөр өнгөрсөн жил нэг сая 500 мянган төгрөг байсан бол энэ жил таван зуун мянган төгрөгөөр нэмэгджээ. Сургалтын төлбөрөө есдүгээр сарын 5-ны дотор буюу өнөөдөр гэхэд төлж дуусгахгүй бол хоёр сая 200 мянган төгрөг болгон нэмнэ гэж эцэг, эхчүүдээ дарамтлах болсон байна.
Түүгээр ч барахгүй хугацаандаа төлбөрөө өгч барагдуулаагүй тохиолдолд ирэх сарын 1-нээс хоногийн 10 мянган төгрөгөөр алданги тооцно гэдгээ ч мэдэгджээ. Энэ мэтээр хувийн гэх тодотголтой дунд сургуулиуд сургалтын төлбөрөө багадаа 500 мянган төгрөгөөр нэмсэн бол хоёр, гурав бүр таван сая төгрөгөөр нэмсэн сургууль хүртэл байна. Энэ жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэйгөөр Хан-Уул дүүрэгт байрладаг “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль тодорч буй. Энэ сургуулийн ахлах ангид хүүхдээ сургахын тулд та хоёр боломжоос сонголт хийж болно.
Эхнийх нь стандарт буюу байгууллагынхаа тусламжтайгаар төлбөрийг нь төлж болох бол нөгөөх нь хувиараа төлөх. Стандарт хэлбэрийг сонголоо гэхэд та 30790 ам.доллар буюу 42 сая 952 мянга 50 төгрөг төлнө гэсэн үг. Гэхдээ ам.долларыг одоогийн ханш болох 1395 төгрөгөөр тооцоход шүү дээ. Хувиараа төлөх сонголт хийвэл 20013 ам.доллар буюу 27 сая 910 мянга 135 төгрөг тушаах болох нь.
Харин бага ангийнхны төлбөр нь 15412 ам.доллар юм билээ. Хэрвээ нэг гэр бүлийн хоёр хүүхэд сурвал нэгнийх нь төлбөрөөс таван хувь хөнгөлдөг аж. Үнэхээр л боломжтой чинээлэг айлын хүүхэд л энэ сургуульд сурах боломжтой нь сургалтын төлбөрийн үнийн дүнгээс нь харагдаж буй биз. Энэ мөнгөөр гайгүйхэн шиг нэг өрөө орон сууц авчихаж дөнгөнө. Тэгэхээр хүүхдээ жилд нэг өрөө байрны мөнгөөр сургах болчихоод буй юм. Ямар учраас сургалтын төлбөр нь ийнхүү өндөр байгаа талаар холбогдох хүмүүс нь дараахь тайлбарыг өгч байна.
“Юуны өмнө ашгийн бус байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид сургалтын төлбөрөөс мөнгө олдог бизнесийн байгууллага биш. Бидний бүх мөнгө ОУДС-ийн барилга байгууламж, сургалтын хөтөлбөрт зарцуулагддаг. АНУ-ын Төрийн Департмент манай сургуулийг Монгол дахь олон улсын цорын ганц дунд сургууль гэж хүлээн зөвшөөрдөг учраас бид АНУ-ын Засгийн газраас зарим санхүүжилтээ авдаг. Гэхдээ манай нийт орлого сургалтын төлбөрөөс бүрддэг. Монголд ирж ажиллаж амьдрах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай мэргэжилтэн багш нарын зардал, IB байгууллагын болон олон улсын магадлан итгэмжлэл олгодог байгууллагуудын (CIS, NEASC) гишүүнчлэлийн татвар, магадлан итгэмжлэл авсан сургуулиудыг хүлээн зөвшөөрдөг бусад олон улсын байгууллагын (EARCOS, ACAMIS, AISH, AAIE) гишүүнчлэлийн татварын зардал гэх мэтэд зарцуулдаг” гэв. Ерөнхийдөө бусад сургуулийн хувьд ч гэсэн төлбөрөө нэмсэн шалтгаанаа энэ мэтээр болон суралцагчдын суралцах орчныг сайжруулахад зарцуулдаг гэж байна. Төлбөр ингэж нэмэгдэхээр дундаж орлоготой айлын хүүхдүүдийн хувь эдгээр сургуульд сурах нь мөрөөдөл болж байгаа юм. Хувийн гэх тодотголтой ч улсаас үдийн цайнаас авахуулаад багагүй татаас авдаг эдгээр дунд сургуулийн захирал Хувийн дунд сургуулиудын холбооныхонтой төлбөр нэмсэн үндэслэлийнх нь талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Отгонбагана ирэх даваа гарагт уулзаж ярилцах юм гэсэн. Хэдийгээр төлбөрөө багасга гэж хэлэх эрх байхгүй ч ямар нэгэн зохицуулалт хийнэ гэж л найдъя даа. Гэхдээ ийнхүү хэдэн саяар нь төлбөр нэмж буй нь цаана асар өндөр хариуцлага, хувийн сургуулиудад ногдох учиртай. Сайны хажуугаар саар гэж сургуулиа рекламдаж, хүүхдүүд авчихаад хохироогоод хаядаг нь бас бий. Өөрийн гэсэн байр ч үгүй, хүүхэд сургах ямар ч материаллаг баазгүй нь ч бий гэдэг. Түрээсийн байр хэсдэг сургууль ч олон.
Ямартай ч, элдвийн арга сүвэгчлэн сургуулиа тэнгэрт тултал магтаж байгаад эцэг эхчүүдээс хэдэн саяар нь төлбөр авчихдаг хэрнээ хэсэг хугацааны дараа өөрийн гэсэн байргүй, цагийн хэдэн багштай гээд л зэсээ цухуйлгаж эхэлдэг. Тэр үед нь “Хүүхдээ гаргаад өөр сургуульд өг, харин төлбөрийг нь буцааж олгох боломжгүй, түрээсэндээ өгчихсөн, цалин тавьчихсан” гэх мэт шалтгаан хэлэх нь элбэг. Энэ тухай эцэг эхчүүд байнга л гомдоллож ярьдаг. Өндөр төлбөр авчихсан юм чинь гээд бүх хүүхдэд онц дүн тавьдаг бас нэг аюул бий. Ингэж төлбөрөөрөө барьцаалж онц дүн аваад хожим хохирсон хүүхэд өнөөдөр захаасаа авахуулаад байж л байна. Энэ бүхнээс үзэхэд чанаргүй, олон хувийн сургууль, хүн хуурсан диплом зөвхөн дээд боловсролд тулгамдсан бэрхшээл биш юм. Үүнийг нь ч гэсэн Нийслэлийн Боловсролын газрын дарга уулзалтаараа хөндөж яриасай билээ.