Нийслэлийн хэмжээнд гамшгийн үеийн гуравдугаар түвшинд шилжээд байгаа энэ үед вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
Гуравдугаар сарын 15-нд нийслэлд 13 мянга 381 хүнийг “коронавирус”-ийн эсрэг вакцинд хамруулсан байна. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 126 мянга 449 хүнд вакцины эхний тунг хийснийг НЗДТГ мэдээллээ. Ингэхдээ "AstraZeneca"-ийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр орчим хийхээр байгааг тодотгосон байна. Мөн “Sinopharm”-ийн хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны үед хийх төлөвтэй байна.
Энэ долоо хоногоос 50-64 насны 185 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим иргэнийг вакцинжуулах зорилттой байна. Одоогоор Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс “AstraZeneca”, “Sputnik”, “Sinopharm”, “Pfizer” гэсэн дөрвөн вакцинд зөвшөөрөл өгсөн байна. Нийт 474 мянган хүн тун вакцины нөөц бүрдүүлжээ.
Мөн ойрын хугацаанд “COVAX” хөтөлбөрийн хуваарийн дагуу олгох “AstraZeneca”, “Pfizer” вакцины үлдсэн хэсгийг хүлээн авах хүлээлттэй байгааг Гадаад харилцааны яам мэдээлээд байна.
Эх сурвалж: НЗДТГ