"Хувийн байгууллагууд вакциныг эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой. Хувийн байгууллагуудын оруулсан ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэж болно. Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай гэсэн үг.
Харин улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд гэх мэт халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулж, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар үнэ төлбөргүй хамруулна. Одоогоор 16 байгууллагын 8000 гаруй хүнд дархлаажуулалт хийгээд байна. 21,5 хувьд нь жихүүдэс хүрч бие арзайх, тарьсан газар нь хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрч хоёр хоног үргэлжилж байгаа ч энэ ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хоёрдугаар сарын 23-наас буюу өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас эхлэн вакцинжуулалтыг хийж байгаа ба одоогоор 12 хувьтай явж байна" гэлээ.