Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, удирдах зөвлөлийн төлөөллийг 2021 оны 2 дугаар сарын 25 өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзлаа.
Тус эвлэлийн төлөөллийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдад тулгамдаж буй асуудал, учирч буй бэрхшээл, салбартаа хамтран хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулав.
Эрүүл мэндийн салбарын нэр хүнд олон хүчин зүйлээс бол унаж байна. Нэг талдаа эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн асуудал хөндөгдөх ч нөгөө талдаа эмнэлгийн удирдлагын ёс зүйн асуудлыг анхаарах шаардлага бий болсон тухай үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл танилцуулав. Уг саналийг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авч, зохих шаардлагыг эмнэлгийн удирдлагуудад тавьж ажиллана гэдгээ хэллээ. Мөн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийн зүгээс тавьж буй бас нэг гол асуудал нь эмч, эмнэлгийн ажилчдыг даатгалд хамруулах, даатгалын тогтолцоог эрүүл мэндийн салбарт нутагшуулах тал дээр яамны зүгээс анхаарч өгөхийг хүсэв.
Нийтдээ 56 мянга орчим эмч, эмнэлгийн ажилчдыг даатгалд хамруулахад 3 орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоог үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хийсэн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилчдыг даатгалд хамруулах ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг цаашид илүү өргөн хүрээг хамруулах тал дээр бодлого гарган ажиллаж буй гэдгийг танилцууллаа.
Мөн уулзалтын үед хөндөгдсөн нэг чухал асуудал нь цалин хөлс, илүү цагийн нэмэгдэл, нийгмийн асуудалд үзүүлэх туслалцаа зэрэг байв. Уг асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс гол анхаарал хандуулж буй асуудал гэдгээ онцлон хэлж, зохих хууль, дүрэм журмын дагуу цаг тухай бүрт нь арга хэмжээ аваад явна гэдгийг тодотгов. Мөн Эрүүл мэндийн салбарт үйлчилж эхэлж буй эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоо нь дээрх асуудлыг эмнэлэг бүр дотроо зохицуулалтаар шийдэж эхлэх боломжийг бий болгоно гэдгийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс тус үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтран салбарын асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх тал дээр нээлттэй ажиллана. Тэр дундаа хууль тогтоомжийг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд олон талаасаа санал санаачлагатай ажиллахыг үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс хүслээ.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй нэг асуудал нь эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүй. Үүн дээр бүх талаасаа анхаарч алдаа дутагдлыг арилгах тал дээр салбарын яам манлайлан ажиллана. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн дээр анхаарахаас гадна үйлчлүүлэгчийн ёс зүйн асуудлыг ч хөндөх нь зөв гэдэг санал үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс гарав. Иймээс үйлчлүүлэгчийн ёс зүйн асуудлыг сайжруулах тал дээр бодлогын ажил хийх нь зөв гэдэг дээр талууд санал нэгдэв.