Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 өдрөөс 2 дугаар сарын 23 өдрийг хүртэл хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэхүү ажлыг Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллага Улсын онцгой комиссын удирдлага дор өргөн хүрээнд зохион байгуулсан юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж ажилласан эмнэлгийн удирдлагуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахимаар холбогдон талархаж буйгаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс Монгол улсын төр томоохон нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах өндөр чадамжтай гэдгийг харуулсан үйл явдал нь Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээ боллоо. Энэ ажилд Эрүүл мэндийн салбарынхан манлайлан оролцож, хамгийн чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж чадсанд салбарын сайдын хувьд баярлаж, талархаж буйгаа хэлье. 1900 гаруй эмч, эмнэлгийн албан хаагч 24 цагаар 12 хоногийн турш шинжилгээ авах ажилд дайчлагдаж 500 гаруй мянган шинжилгээг хийж, хариуг нь гарган ажилласан нь Монгол улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулах ажлыг эхүүлэх үндсэн суурь болж чадав. Өчигдөр вакцинжуулалт эхэлж, эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагч нар энэ өдрүүдэд вакцинжуулалтанд хамрагдаж байна. 12 хоногийн турш хичээж ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчдынхаа илүү цаг, урамшууллыг өнөөдөр мөн шийдвэрлэсэн гэдгээ та бүхэнд хэлэхдээ таатай байна. Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчид хариуцлагатай ажлыг амжилтай зохион байгуулж чадсан гэдгийг дахин тодотгож баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлэхийг хүсч байна гэж цахим уулзалтын үед үг хэлэхдээ онцолж байсан юм.

Цахим уулзалтанд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид ажиллах арга барилаа танилцуулав. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд COVID-19-ийг илрүүлэх шинжилгээний лоборатори хэвийн ажиллах нөхцөлд бүрдэж, тогтмол шинжилгээг цаашид авахад хүндрэл гарахгүй болсон гэдгийг онцолж байсан юм.

Цахим уулзалтын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг салбарын удирдлагатай ойр ойрхон цахим уулзалтыг хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Цаашид эрүүл мэндийн яамны удирдлага салбарын албан хаагчдаа сонсож, шийдвэртээ тусган ажиллана гэдгийг цохон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дүүргийн эмнэлгийн удирдлагуудтай цахимаар уулзсны дараа нэгдсэн эмнэлгийн удирдлагатай холбогдож Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээний талаар санал солилцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан