Тун удахгүй буюу 23-наас хийгдэх коронавирусийн вакцины талаар Та юу мэдэх ёстой вэ? Таны мэдэж болох бүх мэдээллийг бид багцлан хүргэж байна.
ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Вакцинжуулалт энэ сарын 23-нд буюу маргаашаас эхэлнэ. Хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд 2 сая гаруй иргэнээ бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм.
ЯМАР ТӨРЛИЙН ВАКЦИН МАНАЙ УЛСЫН ИРГЭД ХИЙЛГЭХ ВЭ?
Эхний ээлжинд Астразенека болон Файзер вакцинуудыг хийлгэнэ. Энэтхэгт үйлдвэрлэсэн Астразенека вакцины 150 мянган тунг өнөө өглөө хүлээн авсан.
Дараагийн шатанд
- Хятадын Синофарм
- Оросын "Спутник V" вакцинуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна.
ХЭДЭН ТУН ВАКЦИН, ЯМАР ЗАЙТАЙ ХИЙЛГЭХ ВЭ
Вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой.
ЯМАР ХҮМҮҮС ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХГҮЙ ВЭ?
- 18 нас хүртэлх хүүхдүүдийг
- Харшилтай хүмүүс
- Өндөр халуурч буй хүмүүс
- Халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй.
Бүрэн эмнэлгийн үзлэгт хамруулснаар тухайн иргэнд вакцин хийх эсэхийг шийдвэрлэнэ.
ВАКЦИН ХИЙЛГЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
- Хийлгэх гэж буй вакциныхаа талаар ойлголттой байх
- Вакцин хийлгэхийн өмнө юм идсэн, урд өдөр нь сайн амарсан байх
- Өмнө болон дараа нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй
- Огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх
- Вакцин хийлгэх өдрөө дотуураа богино ханцуйтай цамц өмсөхөд илүүдэхгүй
- Давтан тунгаа төлөвлөгөөт хугацаандаа хийлгээрэй
- Өөрийн биеийн байдлаа ажиглах
- Ойрын хугацаанд өөр төрлийн вакцин товлохгүй байх
- Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ХЭД ХОНОГТ ДАРХЛАА ҮҮСЭХ ВЭ?
Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүснэ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ХАНГАСАН БЭ?
Манай улсад Файзер вакциныг хадгалах 26 ширхэг хөлдөөгч байгаагийн тавыг нь ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн агуулахад байрлуулсан. Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай.
Файзер вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой. Мөн 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан вакцин юм.
ВАКЦИНЫ САНХҮҮЖИЛТ ХААНААС ОРЖ ИРСЭН БЭ?
- Дэлхийн Банкны Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт
- Сангийн яамнаас 226 тэрбум төгрөг хуваарилсан.
ВАКЦИН ХИЙЛГЭХ ДАРААЛАЛ БУЮУ ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙЛГЭХ ВЭ?
Вакцины нэгдүгээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хоёрдугаарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэнэ. Нийт хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж буй юм. Эхний ээлжинд эмч, тусгай албан хаагчдыг вакцинжуулна. Вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргажээ.
Зорилтот хүн ам | Хамрагдах хүн амын тоо | Нийт хүн амд эзлэх хувь | |
1 | Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид | 56.047 | 1.7% |
2 | Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) | 52.750 | 1.6% |
3 | 50-аас дээш насны хүн ам | 583.545 | 17.7% |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 230.781 | 7% |
5 | Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) | 276.937 | 8.4% |
6 | Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) | 65.937 | 2% |
7 | Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт) | 329.687 | 10% |
8 | Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид | 69.234 | 2.1% |
9 | Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам | 313.202 | 9.5% |
1.978.120 | 60% |
ЯМАР ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭ СОНГОЖ БОЛОХ УУ?
Вакцин хийлгэх үйл явц сайн дурынх байдаг. Хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна. Түүнчлэн Монгол Улсад оруулж ирсэн вакцинуудаас өөрийн сонголтоор хийлгэх боломжтой.
Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой юм байна.
КОВИД ТУСААД ЭДГЭСЭН ХҮН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ?
Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийлгэхийг эрдэмтэд зөвлөж байна. Түүнчлэн зарим улс орнуудад эдгэсэн хүмүүсийг нэг тунгаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байна.
Өнөөдрийн байдлаар /2021.02.22/ манай улсад коронавирусийн халдвар авч эдгэрсэн 1933 хүн бий.
ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР ГАДНЫ ОРНУУДАД ЗОРЧИХ ЭРХ НЭЭГДЭХ ҮҮ?
НЭЭГДЭНЭ. Цар тахлын улмаас өнгөрсөн жилээс эхлэн дэлхий дахинд аялал жуулчлалын салбар уналтад орсон. Тэгвэл зарим улс орнууд вакцин хийлгэсэн, сертификаттай аялагчдыг улсынхаа хилээр саадгүй нэвтрүүлэх тухайгаа мэдэгдээд эхэллээ.
Манай улс мөн адил энэ жишгийг дагаж вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна.
ДЭЛХИЙ ДАХИНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЯМАР ШАТАНД ЯВНА ВЭ?
Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхийн 78 улс, оронд 176 сая тун вакцин хийлгэжээ. Өдөрт дундажаар 6 сая хүн вакцин хийлгэж байна. Дэлхийн улс орнуудаас Израйль улс хүн амынхаа 80 гаруй хувийг дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж буй. Дэлхийн дахинд вакцинжуулалт эхэлснээр коронавирусийн халдвар дэлхий дахинд 17-22 хувиар буурчээ.
Та коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх шаардлагатай талаарх зөвлөмжийг ЭНД дарж хүлээн авна уу.
Эх сурвалж: GoGo.mn