Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энхболд:Иргэдийг төөрөгдүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд зориулан Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ өнөөдрийн сургалтанд оролцож байгаа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын удирдлага болон энэхүү онлайн уулзалтыг зохион байгуулж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төслийн багийнхан та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

2021 он бол манай салбарын хувьд нэн чухал, хариуцлагатай жил болж байна. Коронавируст /COVID-19 / халдварын цар тахлыг эрсдэл багатай, амжилттай даван туулах, ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах чухал ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн ажилтнуудад ээлтэй хэрэгжүүлж эхлэх үүрэг бидний өмнө тулгарч байна.

Өнгөрсөн 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон ажлууд биднийг хүлээж байна.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал:

• Стратегийн худалдан авагч байгууллага болгох зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулсан

• Улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн төвлөрүүлж 2021 онд нийт 1.02 их наяд төргөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болоод байна.

Мөн шинэчлэлийн ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламжийг 2020 оны 11 сараас шинэчилсэн журмаар олгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ үйлчилгээ нь хуучин зөвхөн сарын эхний 3-5 хоногт, цөөн тооны эмийн сангаас зөвхөн өрх, сум, тосгоны эмчийн бичсэн жороор үйлчлүүлдэг, иргэдэд хүртээмжгүй, чирэгдэлтэй байсан бол одоо иргэд сарын аль ч өдөр цахим эмийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмчээр бичүүлж, өөрт ойр байрлах хүссэн эмийн сангаас хөнгөлттэй эмээ чирэгдэлгүй, хүртээмжтэй авч үйлчлүүлдэг болсон байна. Цаашид лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нар энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх тал дээр санаачлагатай хамтран ажиллахыг хүсэж байна.

Өнөөдрийн сургалтаар та бүхэнд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн чухал хэсэг болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам, тариф”-ыг танилцуулах гэж байна. Энэхүү тогтоолоор батлагдсан шинэчилсэн багцын гол зарчим, өөрчлөлтүүдээс заримыг онцлон дурьдвал:

• Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн 5 бүлгээр төрөлжүүлэн, нийт 11 ялгаатай оношийн хамааралтай бүлгээр санхүүжих болж байна.

• Өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл нь мэс заслаасаа тусдаа санхүүждэг байсан бол мэс заслын хэрэгслийн зардлыг мэс заслын үндсэн багцтай нэгтгэлээ.

• Эрчимт эмчилгээний багцыг бий болгон санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн.

• Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өвчний хүнд болон хөнгөн зэргээс хамааруулан ялгаатай санхүүжүүлэхээр тооцсон. Энэ нь хүнд өвчтөн их хэвтдэг эмнэлэгт алдагдал үүсэхээс сэргийлж, даатгуулагчаас нэмэлт эм, тариа гаднаас авхуулдаг байдлыг зогсоох зорилготой.

• Өндөр өртөг бүхий оношлогоо, шинжилгээг санхүүжүүлэхээр болсон. Сангаас даатгуулагчид хийсэн оношлогоо, шинжилгээний зардалд улирлын 165,0 төгрөг хүртэл санхүүжилт олгодог байсныг өндөр өртөг бүхий /MRI, CT, дуран, цөмийн оношлогоо, зүрхний эхо гэх мэт/ оношлогоо, шинжилгээний зардлын 70 хувийг сангаас хариуцаж, иргэн 30 хувийг төлөх зохицуулалт хийсэн.

• Нэн шаардлагатай өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр боллоо. Тухайлбал: Хорт хавдар, харвалт шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай болон иргэдэд санхүүгийн эрсдэл учруулж болох тусламж үйлчилгээг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.

• Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Коронавируст халдавр”-ын үеийн хэвтүүлэх эмчлүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

• Сэргээн засах тусламж үйлчилгээг зөвхөн нэг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлдэг байсныг энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор 11 ялгаатай оношийн хамааралтай бүлэг үүсгэн, өртгийг тооцож оруулсан.

Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг оношоос үл хамааран ижил тарифаар санхүүждэг байсныг 14 ялгаатай оношийн бүлэг үүсгэн санхүүжүүлэх болсон.

• Салбарын ачааллаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хуваалцах боломжийг нэмэгдүүлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн, даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан бүх эмнэлэг санхүүжилт авах боломж бүрдсэн.

Дээрх шинэчлэл нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангах, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү зорилгод хүрэхэд хэрэгжилтийн түвшинд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо үүрэг нэн чухал байна. Иймд та бүхэн тогтоолын хэрэгжилттэй холбоотой дараах зйүлсийг анхааран ажиллахыг сануулж байна.

1. Өөрийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг шинэчилсэн багцыг хэрэгжүүлэх, иргэн, даатгуулагчид ойлгомжтой, чирэгдэлгүй, ээлтэй байхаар зохион байгуулах

2. Даатгуулагчаас хууль, тогтоолд зааснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх, эмчилгээний туршид хэрэглэгдэх эм, тариаг иргэн даатгуулагчаас гаргуулахгүй байхыг үндсэн зарчим болгон ажиллах. Хэрэв эм, тариа зайлшгүй шаардлагаар авахуулсан тохиолдолд төлбөрийг иргэнд буцаан олгох. Энэ төрлийн зөрчил гаргасан эрүүл мэндийн байгууллагын удирдлагад хатуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

3. Шинэчлэлийн ажил эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн бүрт хүрч, мэдрэгдсэн байх шаардлагатай бөгөөд эмч, ажилчддаа энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдээллийг бүрэн өгч, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих болсон тул иргэнд ээлтэй, цогц, чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн байгууллага нь илүү санхүүжилт авах боломж бүрдлээ. Нөгөө талаар та бүхний үйл ажиллагаа дутагдалтай муу байвал цалингаа тавих санхүүжилт ч үгүй болох эрсдэлтэй тул зөв менежмэнтээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо өрсөлдөх боломж бий болсон нь та бүхнийг илүү хөгжих шаардлага бий болж буйг ухаарч, тусламж үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил, төлөвлөлтөндөө анхааран, иргэн даатгуулагчид ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүсч байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан