Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад Цагаагчин үхэр жилийн мэндийг дэвшүүлэв. Мөн “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм шүү. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна” гэлээ.
Үргэлжлүүлэн БНӨСУ дахь НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, Афганистан улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, мөн ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэж буй газрын нөхцөл байдал, ажиллагааны талаар тус тус илтгэлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн илтгэснээр:
- Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Судан Улсын Дарфур муж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан Улсын Абей муж, БНИемен зэрэг 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна.
- 2021 оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 19,300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.
- 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна.
- 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 7 ажиллагаанд нийтдээ 1,116 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Цахим уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад хандан, “Ажиллагааны мандат, төр засаг, Зэвсэгт хүчний дээд удирдлагаас даалгасан үүргийг мэргэжлийн түвшинд алдаа мадаггүй биелүүлж, хууль, дүрэм журмыг чанд сахиж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг ямагт өндөрт өргөж яваарай.
Үүргээ идэвх санаачилгатай, үнэнч шударгаар гүйцэтгэн, монгол энхийг сахиулагчдын өндөр зохион байгуулалт, сахилга бат, тэсвэр хатуужлын үнэлгээ, Зэвсэгт хүчний дайчин уламжлалыг улам батжуулахыг хүсье.
Үүрэг гүйцэтгэх үед бүх төрлийн аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөж, эрүүл мэндээ хамгаалах, ялангуяа коронавируст (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийт бие бүрэлдэхүүн онцгой анхаараарай.
Та бүхэн ажиллагааны хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэл, бие бялдраа хөгжүүлж, хариуцсан зэвсэгт техникээ төгс эзэмшин мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын төлөө хичээн зүтгэж, өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлэн эх орондоо энх тунх, амар мэнд уулзахыг ерөөе” гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй эмэгтэй алба хаагчдад баяр хүргэж, тэдний аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулахыг нийт энхийг сахиулагчиддаа санууллаа.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү