Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож, үг хэллээ.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ:
“Эрхэм генерал, офицерууд Та бүхний амрыг эрье.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсэд мөр зэрэгцэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, генерал, офицерууд Та бүхэнтэй энэ өдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Шинэ үеийн түүхийн хугацаанд бид Үндсэн хуульдаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулж, Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “мэргэжлийн чиг баримжаатай цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 6 дугаар сард “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”, “Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчний тайван цагийн бүрэлдэхүүнээр цэргийн бүлэглэл байгуулах төлөвлөгөө”-нүүдийг баталгаажуулсан.
Дээрх баримт бичгүүдийн үзэл санаа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэрэг, Барилга-инженерийн цэрэг болон Кибер аюулгүй байдлын цэргийг бас байгуулсан. Цаашид шинээр байгуулагдсан төрлийн цэргийг тайван цагт болон дайны үед хэрэглэх, тайван цагт бэлэн байдал, бэлтгэлжилтийг нь хэрхэн хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдөх нь Та бүхний үүрэг юм.
Ингэхдээ “Зэвсэгт хүчин нэгдмэл байх” зарчимд нийцүүлэн Төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командалын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, улс орныхоо хүн ам, эдийн засгийн чадавхыг бодитоор тооцох, зэвсэгт тэмцлийн үеийн цэргийн ажиллагааны оршин тогтнохуйн аюулгүй байдалд нөлөөлөх цэрэг-улс төр, цэрэг-стратегийн нөлөөллийг урьдчилан тооцох, даргалах албан тушаалын ахлагчаас генерал хүртэлх албан тушаалтнуудын санаа бодлыг тусгах шаардлагатай юм.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж, төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж, дээд бүтэц угсрах ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гүйцэтгэж байна. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон гэж үзэж байна. Зэвсэгт хүчин цаашид Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ.
Төмөр замыг өөрсдийн хүчээр буюу Зэвсэгт хүчин хариуцан, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой бүтээн байгуулсан нь “Бид өөрсдөө чадна” гэсэн итгэл үнэмшил, үндэсний ухамсрыг бий болгосон. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид өөрсдөө хийх нь улс, үндэстнийхээ ирээдүйн сайн сайхныг бие даан цогцлоох, үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс нь болох болно.
Энэ ташрамд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын маань үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтойг мөн цохон тэмдэглэе.
Зэвсэгт хүчний байгуулалтын зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах улс төр, дипломатын үйл ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх чадавхтай цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий мэргэжлийн Зэвсэгт хүчнийг байгуулах алсын хараатай байх, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг аюулгүй байдлын орчинд нийцүүлэн дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд удирдах албан тушаалтнууд Та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Та бүхний энэ удаагийн цугларалт нь улс орныхоо аюулгүй байдлыг бие даан хангахад чиглэсэн операцын төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинээр боловсруулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хүч хэрэгслийг оновчтойгоор хэрэглэх арга замыг эрэлхийлж байгаа гэж ойлгож байна.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2021 оны стратегийн цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.
2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээсэн Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын макетыг мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.