Мэдээлэл, харилцаа холбооны технологийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж боловсролын салбарын хөгжлийг хурдасгаж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах нь Улс орны хөгжлийг дэмжих гол түлхүүр билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургуулийн компьютерийн тоог нэмэгдүүлэх, багш, сурагч бүрийг зөөврийн компьютертэй болгох” зорилт тавьсан байдаг.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг 2008 онд “Хүүхэд Бүрт Компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг 21 аймгийн, 9 дүүргийн 20000 гаруй сурагчдад ногоон компьютерийг олгож эхлэлийг тавьж байсан. “Хүүхэд-компьютер” хөтөлбөрийн үргэлжлэл болгож УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхай сайд Д.Ганхуяг нар Баянзүрх, Налайх дүүргийн нийт 23 сургуулийн тав болон наймдугаар ангийн 9500 хүүхдэд өгөх зөөврийн компьютерийг сургуулийн захиргаанд олгов. Энэхүү зөөврийн компьютер нь Интел брандын Атом процессор дээр суурилсан бөгөөд өмнөх загваруудаасаа хүч чадлын хувьд улам сайжирсан.
Энэхүү зөөврийн компьютерийн гар нь Монгол үсгийн фондтой, үйлдлийн систем нь загварчилагдсан. Гарын товчлуур болон оролтууд нь хэрэглэхэд хялбар, дэгжин хийцтэй, дөрвөн өнгийн сонголттой болсон гээд давуу тал олонтой аж.