Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийг нээв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч байхдаа “Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр” гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм хэмээн ярив.
Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана, үүнийг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухал шүү гэж Ерөнхий сайд захилаа. 

Лондонгийн олимпод Монголын тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа таван медаль авсан. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор манай улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ амжилтыг урагшлуулах эзэд нь сурагчид, багш нар, эцэг эхчүүд, 44 дүгээр сургуулийнхан та бүгд байгаарай гэж Ерөнхий сайд ерөөгөөд тус сургуулийн хашаанд спортын цогцолбор барьж өгнө гэж амлалаа. Харин сайхан талбайтай болсны дараагаар биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг ямагт санаж, хөдөлмөрлөнө гэдэгт найдаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Нээлтийн ёслолын дараагаар Ерөнхий сайд анги танхимуудтай танилцаж, багш сурагчдад ямар хүндрэл бэрхшээл байгааг асууж асуулаа. Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон,  ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажилахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй байгаа зэрэг асуудлаа багш нар Засгийн газрын тэргүүнд танилцууллаа.


Энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. “Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай юм. Ийм агуу түүхтэй улс орны минь ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, хөдөлмөрлөх учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төгсөх ангийнханд зөвлөлөө.
Нийслэлийн  44 дүгээр сургуульд энэ хичээлийн жил 2200 хүүхэд суралцахаас 225 нь зургаан настай, сургуулийн босгоор анх алхаж байгаа бяцхан сурагч, харин 148 нь ирэх хавар сургуулиа төгсөх хүүхдүүд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан