Олимпийн тоглолт дуусмагц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд явагддаг паралимпийн тоглолт болдог. Энэ удаагийн паралимпийн тоглолтонд 166 орны 4200 тамирчин спортын 20 төрлийн 503 багц медалийн төлөө өрсөлдөнө. Дэлхий даяар энэ тоглолтыг 4 тэрбум гаруй хүн үзэж сонирхох аж.
Гэмтэл ослоос эхлээд төрөлхийн болон ямар нэг байдлаар хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон ч хүн спортын маш олон төрлөөр хичээллэн өндөр амжилт үзүүлж болдог гэдгийг энэ тоглолт харуулдаг. Нэг ёсондоо хүний сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хат бие махбодийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг харуулж магтан дуулсан тоглолт юм.
Паралимпийн тоглолт нь өнөөдрийн түвшинд хүртлээ нэлээд амаргүй замыг туулсан. Олимпийн хөдөлгөөн дөнгөж эхэлж байх үед буюу 19-р зууны сүүл үеэр тахир дутуу хүмүүст хандлах дэлхийн нийтийн хандлага тэс өөр байлаа. Тэднийг ямар ч арчаагүй, өрөвдөлтэй, ер нь бол нийгмийн хөгжлийн уяа гэж ханддаг байсан. Гэвч 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн билээ. Энэ дайны уршгаар 12 сая хүн амиа алдаж, 55 сая шархадан эрэмдэг зэрэмдэг болсон байдаг. Ийм олон сая хүнийг шууд л хэнд ч хэрэггүй гээд гадуурхах утгагүй байсан болохоор тэдэнд хандах хандлага ч өөрчлөгдсөн. Их бага тодорхой хэмжээгээр нийгэмшүүлэх, элдэв гадуурхлаас хамгаалах арга хэмжээ авагдаж эхэлсэн. Тун удалгүй буюу 1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэж 55 сая хүн алагдаж, үүнээс олон сая хүн шархадан тахир дутуу болсон. Тиймээс тэднийг нийгэмшүүлэх, хэвийн амьдралд эргүүлэн оруулах асуудал бүр хурцаар тавигдсан. Харин үүнд олны хамарч, уриалж, хөдөлгөж чаддагаараа спорт чухал байр эзлэж байсан нь ойлгомжтой.
1948 онд Английн Сток Мандевиллийн нөхөн сэргээх эмнэлгийн эмч Людвиг Гуттман дайнаас эргэж ирсэн нугасны гэмтэлтэй ахмад дайчдыг цуглуулан спортын анхны тэмцээн явуулсан нь өдгөөгийн Паралимпийн тэмцээний эхлэх болсон түүхтэй. Тэр үед болсон Сток Мандевиллийн тоглолтонд оролцсон ахмад дайчид тахир дутуугийн тэргэнцрээр уралдсан бөгөөд явагдсан хугацаан нь тухайн үед Лондонд болж байсан Олимпийн тоглолттой давхацсан. Үүнээс хойш Сток Мандевиллийн тоглолтууд жил бүр явагдаж байгаад 1952 он Голландаас тэргэнцэрт тамирчдын баг ирснээс хойш олон улсынх болжээ. 1960 онд Ром хотноо явагдсан Сток Мандевиллийн тоглолтонд зөвхөн дайны ахмад зүтгэлтнүүд гэлтгүй биеийн хязгаарлагдмал боломжтой хүмүүсийн оролцохыг зөвшөөрсөн. 23 орны 400 тамирчин тэргэнцэрээр уралдсан энэ тоглолтыг дэлхийн хамгийн анхны албан ёсны Паралимп тоглолт гэж үздэг.
1976 оноо Шведийн Эрншөлдсвикт хамгийн анхны өвлийн Паралимпийн тоглолт болоход зөвхөн тэргэнцэртэй гэж хязгаарлалгүйгээр тахир дутуугийн бусад төрөлд багтах хүмүүсийг оролцуулсан билээ. 1976 онд Торонтод болсон зуны Паралимпийн тоглолтон 40 орны 1600 гаруй тамирчид оролцсоноос хараагүй, харааны согогтой хүмүүс, тайруулсан үе мөчтэй, нугасны гэмтэй гээд биеийн боломж олон янзаар хязгаарлагдсан хүмүүс оролцсон юм. Ингэснээр анхандаа тахир дутуу хүмүүсийг эмчлэх, нөхөн сэргээх зорилготой байсан ердийн гэж болохоор тэмцээн нь дэлхийн хамгийн өндөр зэрэглэлд хамааран спортын үйл явдал болж хувирсан. Иймээс тахир дутуу хүмүүсийн олон улсын спортын байгууллагуудын зохицуулах зөвлөл гэдгийг байгуулсан нь яваандаа Олон улсын паралимийн хороо болон өргөжсөн юм.
Харин 1988 оноос эхлээд зуны Олимпийн тоглолт явуулж байсан бүх л объектүүдийг Паралимпийн тоглолт явуулахад зориулан ашигласан. Тэр цагаас хойш уламжлал ёсоор зуны болон өвлийн Олимпийн тоглолтууд явагдсан жилд, тоглолт явуулсан объектүүд дээр Паралимпийн тоглолт явагдах болсон.
Энэ удаагийн паралимпийн тоглолтонд Бээжингийн Олимпоос 20 улс илүү оролцож байгаа юм. Олимп болон Паралимпийн тоглолтуудын зохион байгуулах хорооноос мэдэгдэж байгаараа борлуулалтад орсон 2 сая гаруй тасалбараас өдгөө ердөө 100 мянга орчим нь л зарагдаагүй үлдсэн, үлдсэн тасалбаруудыг тоглолт эхэлснээс хойш хэдхэн өдрийн дотор бүрэн борлуулах аж.
Үүнээс гадна Паралимпийн тоглолтонд оролцож байгаа өөр өөр улсын тамирчыг дэмжихээр 500 мянга гаруй жуулчид Лондон хотноо ирэх юм байна.
Тоглолтыг зохион байгуулагчид нь тахир дутуу тамирчдын амжилтыг улс болгон зохих ёсоор нь үнэлэх ёстой, энэ бол тэдний эрх гэж мэдэгджээ.
Үүний өмнө Бээжинд болсон Паралимпийн тоглолтоор Хятадын тамирчид 211 медаль, Их Британы тамирчид 102, АНУ-ын тамирчид 99 медаль авч байсан билээ.
Паралимпт өндөр амжилт гаргана гэдэг нь тухайн орон иргэдээ хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхалгүй, зохих түвшинд анхаарал тавьж байдгийн нэг илрэл болж өгдөг. Тиймээс ч их гүрнүүд энэ тал дээр гойд анхаарч байгаа нь гайхах зүйлгүй. Тиймдээ ч Паралимпт ялалт байгуулан эх орныхоо нэрийг гаргасан тамирчдын мөнгөн урамшуулалд гар татдаггүй.
Уул уурхай, ашигт малтмалын салбар нь манайхтай адил өндөр хурдацтай хөгжиж байгаа Казахстан гэхэд л энэ удаагийн Паралимпээс алт авсан тамирчнаа 50 мянган доллараар, мөнгөн медаль авбал 35мянган доллараар, хүрэл авсан тамирчнаа 25 мянган доллараар урамшуулах болсноо албан ёсоор мэдэгдээд байна. Ингээд зогсохгүй шагнал аваагүй ч 4-р байранд 14 мянга, 5-р байранд 6 мянга, 6-р байранд 4 мянган долларын мөнгөн урамшуулал дагалдах юм байна.
ОХУ-ын төрөөс Паралимпийн тоглолтонд алтан медаль авсан тамирчиндаа 100 мянган евро, мөнгөн медальд 60 мянга, хүрэл медальд 40 мянган еврогийн шагнал өгч урамшуулахаар болжээ.
Эцэст нь манай улс ч Паралимпийн тоглолтонд улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдаа зөвхөн төр засаг гэлтгүй, эгэл жирийн спортын хөгжөөн дэмжигчид ойлгон дэмжиж сэтгэлийн дэм өгч байгаасай гээд тэдэндээ өндөр амжилт хүсэн ерөөе.