Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

92 дугаар сургуулийн хүүхдүүдийн хувь заяа бүрхэг байна

“Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн хичээлийн хуучин байрыг нурааж шинээр барьж байгаа ч барилгын ажил удааширч хичээлийн шинэ жилээр хүүхдүүдээ хүлээн авч чадахгүйд хүрээд байна” гэсэн мэдээллийн дагуу бид очиж сурвалжилсан юм.
2003 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар тус сургуулийн хамт олонд хичээлийн нэг байр барьж өгчээ. Ингэснээр тус сургууль хичээлийн гурван байртай болсон ч хуучин хоёр байрыг нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр нурааж оронд нь шинэ байр барихаар болжээ. Хэдийгээр зургадугаар сард шинэ сургуулийнхаа барилгын ажлыг эхлүүлсэн ч аравдугаар сард ашиглалтад орох ёстой сургуулийнх нь дөнгөж дөрвөн хана нь л босчээ. Тиймээс тус сургуулийн ахлах, дунд ангийнхны хувьд хэзээнээс хичээлдээ суух нь бүрхэг болж хувирсан байна. Буцалтгүй тусламжаар баригдсан сургуульд нь бага ангийн хүүхдүүд нь  хичээллэдэг болохоор ахлах, дунд ангийнхан нь хичээлийн шинэ жилээр хэрхэхээ мэдэхгүй байсаар.

Д.Октябрь:Хянах эрхгүй болохоор хараад л сууж байна

Энэхүү хүндрэлтэй асуудлаа хэрхэн шийдэх гэж буй талаар сургуулийн захирал Д.Октябриас тодрууллаа.

-Шинэчлэн барьж буй сургуулийн барилга хэзээ дуусах юм шиг байна?
-БШУЯ-наас зарласан тендерийнхээ дагуу бол аравдугаар сарын 1-нд дуусах юм.  Гэсэн ч барилгын ажил дуусах болоогүй л байна.
-Хариуцаж байгаа хүнтэй нь уулзав уу. Барилгын ажил нь ямар учраас удаашраад байгаа талаараа тайлбар өгсөн үү?
-Уулзсан. Хариуцаж байгаа инженер нь "Энэ зун бороо устай байснаас ажил саатсан.  2011 оны төсвөөр хийж байгаа болохоор хэрэглэх барилгын материалаас авахуулаад бүх барааны үнэ өссөн. Төлөвлөснөөс их зардал гарч байгаа нь ажил саатахад хүргэсэн" гэсэн тайлбар өгсөн.
-Барилгын ажлаа хэдэн хувьтай явж байна гэж танилцуулж байх юм?
-Хуучин суурин дээр нь байсан хичээлийн байрыг зургадугаар сард буулгаад барилгын ажлаа эхэлсэн. Уг нь, зунжин л ажилласан. Гэхдээ ажиллаж буй ажилчдынх нь сэтгэл дутаад байна уу даа гэж харж байгаа. Надад танилцуулахдаа ажил 60-70 хувьтай явж байна гэдэг ч дотор заслаас авахуулаад нэмж хийх зүйл их л харагддаг юм.
-Таны хувьд ажил удааширч байгаа шалтгааныг ажилчидтай нь холбож үзэж байгаа юм аа даа?
-Зунжин л ажиглалаа. Тэгээд л ажилчид нь сайн ажиллахгүй байна уу гэж дүгнэсэн. Назгайрсан, амралтын байдалтай л байдаг.
-Хичээлийн байр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй нь тодорхой боллоо. Ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Байгаа байрандаа гурван ээлжээр хичээллэнэ дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Уг нь, анх аравдугаар сарын 1-нээс хичээлээ эхлэхээр төлөвлөсөн байсан юм. Гэхдээ одоо нэгэнт аравдугаар сард байр маань ашиглалтад орохгүй юм чинь хүүхдүүдээ хий дэмий нэг сар гэрт нь байлгаад яахав гээд ийм шийд гаргасан хэрэг.
-Гурван ээлжээр хичээллэхээр хамгийн сүүлийн анги хэдэн цагт тарах уу. Гэр хороолол дунд байдаг болохоор оройтож тарвал хол гэртэй хүүхдүүдэд хэцүү байна байх даа?
-Мэдээж тэгэлгүй яахав. Өглөө 07:30-аас эхний ээлж ороод, орой 20:30-аас сүүлийн ээлж тарна. Олон хүндрэл гарч байгаагийн нэг нь өөрийн чинь хэлж байгаа энэ асуудал. Бас нэг хүндрэл нь ангийнхаа бүлгүүдийг цөөлж нэг ангид 50-60 хүүхэд байхаар тооцсон. Ингэхээр багш нарын хичээл заах цаг нь багасч түр хугацааны ажилгүйдэл үүсч байна.
-Бүлгээ цөөлөхгүй бол анги хүрэлцэхгүй гэсэн үг үү?
-Яг зөв. Анги танхимынхаа хүрэлцээнд тааруулаад 60 бүлгээ 40 болгож цөөлсөн.
-Олон хүүхэд нэг ангид сууж хичээл хийхээр анги танхимын стандартад хэр нийцэж байгаа вэ?
-Манай сургуулийн нэг анги 30-35 хүүхэд хичээллэх стандартаар баригдсан. Тиймээс агаар дутагдах хүндрэл гарах байх. Тэглээ гээд одоо яахав дээ.
-Энэ хичээлийн жилд хүүхдийн тоо нэмэгдсэн үү. Ер нь, нийт хэдэн сурагчтай вэ?
-Нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт элсэлт авсан. Өмнө нь, зургаагаас дээш бүлэгт элсэлт авдаг байсан. Манай сургууль нийт 1700 орчим сурагчтай.
-Тэгэхээр харьяаныхаа сургуульд орох насны хүүхдүүдээ бүрэн авч чадаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Дөрвөн бүлэгт бүртгээд нэмж ирсэн хүүхдээ манай сургуультай ойр байдаг “Амгалан цогцолбор”, “Баянзүрх цогцолбор” сургуулиуд руу явуулсан. Шинэ сургуулийн барилгыг ашиглалтад орохоор ирж сураарай гээд л явуулаад байна.
-Танай сургууль дулааны шугамд холбогдоогүй байх аа. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Шийдээгүй л байгаа. Уг нь, ойрхон под станц баригдсан. Тэндээс шугам татаж байгаа. Гэсэн ч хувийн эзэмшлийн талбай дундуур явах учраас тэр газрыг нь эзэмшдэг хүмүүс газрынхаа дундуур дулааны шугам явуулахыг зөвшөөрөхгүй байна. Мөн л гацаанд орчихсон.
-Тэгээд яахаар болсон бэ?
-Мэдэхгүй ээ. Тэр ажлыг бас л тендер шалгаруулж нэг компани хийхээр болсон. Тэд нэг арга олох байлгүй. Цаад тал нь мөнгө л нэхээд байгаа юм шиг байна билээ.

Бид ийн ярилцсаны дараа барилгын ажилтай танилцахаар гарав. Д.Октябрь захирал бидэнд баахан болж бүтэхгүй зүйл ярьсандаа жаахан эмээж "Уг нь, манай шинэ барилга чинь сүүлийн үеийн загвар шийдэлтэй, Монголдоо л анх удаа гэж болохоор барилга болох юм шүү дээ. Макетыг нь үзүүлье" хэмээн сургуулийн заалан дахь макетыг харуулав. Сургуулийн зааланд багш нар хүлээж авсан сурах бичгүүдээ ялгаж, тоолж, анги ангидаа хуваарилах ажлаа хийж  байв. “Сурах бичгээ хүлээгээд авсан. “Бат зүү” компанитай гэрээ хийгээд хүүхдүүддээ дүрэмт хувцас авах гэсэн чинь заавал мөнгийг нь авч байж дүрэмт хувцас өгнө гэнэ. Сургууль орсны дараа нэгдсэн журмаар хураагаад өгөх санаатай байсан юм. Дүрэмт хувцасны асуудлаа ч шийдэж чадаагүй дээ” хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв.
Тэндээсээ гарч шинэ сургуулийн барилгын ажил дээр очтол цахилгааны шугам сүлжээ, барилга хариуцсан хоёр баригад ажиллаж байлаа. Гэхдээ барилга хариуцсан хүн нь алга байв.

Цахилгааны монтажны ажил ерөнхийдөө дуусчээ. Дулааны шугамаа тавьж байгаа аж. Дээр ярьсан дулааны шугам татах гацаанаас гарчих юм бол цахилгаан, шугам сүлжээний ажил нь дуусна гэнэ. Д.Октябрь захирал ийнхүү танилцуулсаар таван давхарт гарч зогсч байгаа хоёр залуугаас хариуцсан хүнийг нь хаачсан талаар асууж “сурвалжлагчид яриа өгүүлэх гэсэн юм” гэтэл, сайхь хоёр залуугийн нэг “Юун талаар юм бэ” хэмээн ихэд ундууцаж "Энэ онд угаасаа ашиглалтад орохгүй ээ" хэмээн хариуллаа. Нэлээд удаан ярилцсаны эцэст “Барилгын ажил 90 хувьтай явагдаж байгаа шүү дээ. Хүйтрэхээс өмнө гадна талаа дуусгачих юм бол дотор тал юу байхав” гэсэн хариултыг тэднээс авлаа. Тэд хэдхэн хоромын өмнө ярьсан зүйлээ мартаж орхисон бололтой. Харин энэ хоёр залууг Д.Октябрь захирал өмнө нь огт харж байгаагүй гэнэ.

Гэхдээ “Сайхан сургуультай болох гэж байгаа болохоор сэтгэл арай л өег байгаа ч олон хүндрэл гарч байна даа. Дараа дараагийн сургуулийн барилгын ажил хийхээр бол сургуулийн захиргаанд нь хянах эрх өгмөөр л юм. Бидэнд тийм эрх өгөөгүй болохоор байдлыг нь хараад л чимээгүй сууж байхаас өөр арга алга” хэмээн бидэнд зовлонгоо тоочсоор үлдсэн юм.
Улаанбаатар хотод барилгын ашиглалтын хугацаа дууссан Сүхбаатар дүүргийн 31 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 92, Баянгол дүүргийн 70, 22 дугаар сургуулиудын барилгыг энэ жил шинэчилж буй ч газар дээрээ ажил иймэрхүү маягаар явагдаж байгааг эрх мэдэлтэй албан тушаалтнууд нь анхааралдаа аваасай билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан