Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Ерөнхий сайд аа,
Эрхэм зочид оо,
2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлж байна.
Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та бүхний өмнө ирэх жилийн төсвийг батлах чухал үүрэг тавигдаж байна.
Коронавируст цар тахлын гамшгийг тойрч гарсан улс одоохондоо хараахан алга байна. Монгол Улсын хувьд есөн сарын турш дотооддоо вирусыг алдахгүй байхад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалахын олон мянган ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.
Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна.
Намрын чуулганы өмнө миний бие уламжлал ёсоор ихэнх аймгуудаар тойрч нийтдээ 7,000 гаруй иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож ярилцлаа. Орон нутагт, газар дээр нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байна. Олон сумдын нутгаар хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүсчээ.
Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна.
Аливаа улсын хөгжлийн зүтгүүр болох аж үйлдвэрийн цогцолборуудын чиглэлийг зөв тогтоож, зөв байршуулж, түүнийгээ дагуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг иж бүрнээр нь төлөвлөн 5 – 10 жил тууштай бүтээн байгуулалтыг өрнүүлж байж хөгжлийн суурь тавигддаг нь нотлогдсон үнэн билээ.
Уг нь ийм туршлага манайд бас байсан. Анхны жишээ нь Дархан – Шарын голын аж үйлдвэрлэлийн цогцолборыг иж бүрнээр нь төлөвлөн, 1961 онд төмөр замын Дархан өртөө, Шарын голын нүүрсний уурхай, цаашлаад Төмөр толгойн төмрийн хүдрийг ашиглахаар төлөвлөж байжээ. Цогцолборын хүрээнд Дулааны цахилгаан станц, Цемент, шохойн үйлдвэр, Дархан хотод орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, худалдаа үйлчилгээний цогц бүтээн байгуулалтыг барьж байгуулсан байдаг. Энэ аж үйлдвэрийн цогцолборын бүрэлдэхүүнд: Дулааны цахилгаан станц, Цементийн үйлдвэр, нүүрсний уурхай, Төмөрлөгийн үйлдвэр, Шохой боловсруулах үйлдвэр, Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, Мах комбинат, Гурилын үйлдвэр, Дарханы геологи хайгуулын экспедиц, жимс ногооны аж ахуй, хүнсний үйлдвэр, эдгээрийг дагасан нийгмийн дэд бүтцүүд баригдсан байжээ.
Хоёр дахь аж үйлдвэрийн цогцолбор нь Эрдэнэт хот. 1964 оны намар геологичид маань нөөц олж тогтоосон. Ингээд 1973 – 1978 оны хооронд хүдэр олборлох ил уурхай, баяжуулах фабрик, Дулааны цахилгаан станц, Цемент бетон зуурмагийн үйлдвэр, Барилгын металл бүтцийн цех, 1 сая м.куб багтаамж бүхий усан сан, 174 км төмөр зам, 164 км авто зам, 420 км цахилгаан шугам, 64 км ус дамжуулах хоолой, Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэр, эдгээрийг дагасан нийгмийн дэд бүтцүүд, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, 15 мянган хүн бүхий орон сууцны дөрвөн ч хорооллуудыг барьж байгуулсан.
Эдгээрийг яагаад дурдаад байна вэ гэвэл өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр нь ч хийж хэрэгжүүлж чадсангүй ээ. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо.
Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Энд би Орхон аймгийг онцлон дурдах гэж байна. Энд шинээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга нь гэхэд л 140 сая төгрөгийн өртгөөр боссон байх жишээтэй. Үүнд иргэд маш их бухимдаж, дургүйцлээ уулзалтын үеэр илэрхийлж байна.
Баянхонгор аймгийн Жинст суманд сургуулийн 150 ортой дотуур байранд 41 хүүхэд амьдардаг байх жишээтэй. Бодит хэрэгцээнээс гурав дахин том дотуур байр барьчихсан байна. Аймгийн төвд шинэ суурьшлын бүс гэх ганц ч айл байхгүй, дэд бүтэцгүй хээр талд өрхийн эмнэлгийн 2.4 тэрбум төгрөгийн үнэтэй байшинг жилийн өмнө бариад цоожилчихсон мөртлөө хажууханд нь зургаан тэрбумын өртөгтэй сургуулийн барилгыг бариад дуусгах шатандаа явж байна. Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Одоо бид хорин нэгдүгээр зуунд зуунд халуун усгүй, ариун цэврийн байгууламжгүй эмнэлэг, сургууль барих явдлыг тас зогсоомоор байна. Суманд халуун устай барилга барьж болдгийн жишээг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад, Дорнод аймгийн Халхгол суманд жишиг болгож барьж үзүүллээ. Орон нутгаас сонгогдсон гишүүд очоод үзэх хэрэгтэй.
Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Дэлхий даяар дэд бүтцээ барьсны дараа л барилга байшингаа барьдаг номтой байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх. Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна.
Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна. Алслагдсан сумдад хүн амын бодлого үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд таван хошуу малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байхад хэзээд ажилтай байх боломж байна. Тийм учраас Дарханы арьс шир, ноос ноолуурын цогцолборын бүтээн байгуулалтыг түргэсгэх, орон нутагт түүхий эдийг боловсруулах, хүлээн авах боломжийг хангах ажлыг эн тэргүүний зорилт болгон төсөв, төлөвлөгөөндөө тусгамаар байна.
Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. Ганц жишээ хэлэхэд, Баянхонгор аймгийн иргэн Байгальмаа уулзалтын үеэр “…Ер нь улс орон хөгжихдөө ард иргэдээ ажлын байраар хангаж, иргэд нь татвараа төлдөг ийм зарчмаар явж байж хөгждөг. Дэлхийн туршлага ийм л байдаг. Гэтэл манай Монгол Улс сүүлийн үед хандив, тусламж, халамж, байшин барих, зам тавих мэтээр хөгжлийг харж байна. Би үүнд их эмзэглэж явдаг. Яагаад ард иргэдээ ажлын байраар хангаагүй байж иргэдэд хүрэхгүй бүтээн байгуулалт хийдэг юм бэ? Хэрвээ иргэд ажилтай байх юм бол хэлсэн хэлээгүй, хүссэн хүсээгүй өөрсдөө бий болгоод явчихна” гэж хэлж байна. Үүнийг орон нутгийн удирдлагууд сонсох, ичих хэрэгтэй. Иргэдээсээ дор сэтгэлгээтэй орон нутгийн удирдлагуудыг үргэлжлүүлээд байлгаад байх юм уу? Иргэдийн үгийг дамжуулъя гэж бодлоо.
Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн иргэн Ц.Батболд: “…Увс аймаг хөрөнгө оруулалтаараа бусад аймгаас их, хамгийн их мөнгийг авдаг. Гэтэл энэ их мөнгө Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, Засаг дарга нарын хамаарал бүхий хувийн компанид л хөрөнгө оруулалт болж байна. Иргэдийн амьдралд бодитоор хүртэх зүйл алга. Мөнгө хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй, төрийн албыг төрлийн алба болгосноос болж бид хөгжихгүй байна.”
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн иргэн Нарантуяа: “… Зөрчлийн тухай хууль гэж сонин хууль байна. Үзэл бодлоо илэрхийлж, эрх ашгаа хамгаалан дуугарсныхаа төлөө би Зөрчлийн тухай хуулиар 2-3 удаа цагдаад дуудагдаж, торгуулсан. Монгол ардын намын гишүүн биш гэж гадуурхсаар багшийн ажлаас минь гаргасан. Одоо жижиг лангуу ажиллуулж байна. Гэтэл “Ардчилсан намын лангуу” гэж гадуурхаж эхэллээ. Бизнес эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд олгогдсон лангуугаа одоо би хураалгахад хүрч байна” гэжээ.
Үнэнийг хэлэхэд Эрхэм гишүүд Та бүхэнд энэ бүх асуудлын зангилаа бий. Та бүхэн сар гаруйн өмнө улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог.
Одоо та бүхэн ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу? Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу?
Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ?
Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.
Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.
“Хойд хормойгоо хэсэглэн авч, Урд хормойгоо урлан нөхөөд” гээд ардчиллын дууч С.Цогтсайханы дуулж байсан тэр цаг үе 30 жилийн дараа ч хэв хэвээрээ байгаад үнэхээр харамсаж байна. Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж хол хоцорчихгүй шиг ажиллах арга чарга байна уу гэж би олонхоос асууя.
Өнөөдрийг хүртэл явж ирсэн зам, хэрэглэж ирсэн арга барил, шийдэл, хийж ирсэн сонголт маань хамгийн зөв нь мөн үү гэдгийг улсаараа эргэцүүлж, эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Өөрчлөлт бол хөгжлийн цор ганц нөхцөл мөн гэж мэргэд сургасныг мөн санах хэрэгтэй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.
Монгол Улсын Засгийн газар 2017 онд Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн учраас хориг тавьсан ч олонхын бүлэг хүлээн авахаас татгалзсан.
2018 онд төсвийн зардлыг 10 хувиар бууруулж нэг их наяд төгрөг, зураг төсөвгүйгээр хууль зөрчин орж ирсэн барилга, байгууламжуудыг хасах замаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 500 гаруй сая ам.долларыг төсвөөс хэмнэж, түүгээрээ хөдөө аж ахуйд суурилсан, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг эхлүүлэх, жил бүр ийм хэмжээний хэмнэлтийг хийж, 2-3 аж үйлдвэрийн комбинаттай болох санаачилгаа УИХ, Засгийн газарт хүргүүлж байсан. Харамсалтай нь зөвшөөрсөн дүр үзүүлчихээд, эс үйлдэл хийсний хар гайгаар одоо экспортын орлогогүй, тусламж, зээлэнд найдсан байдалтайгаар бид сууж байна.
Төсвийн зарлагыг танаж, алдагдалгүй төсөв батлаж чадсан бол 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408 тэрбум төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2.5 их наяд төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх үр дүн гарахаар байсан юм. Үнэхээр харамсаж байна.
2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй, олон гишүүд ярьдаг. Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн байдаг. УИХ-ын гишүүдийн тойрогт авлига мэтээр төсвөөс 5-8 тэрбум хүртэлх төгрөгийг хуваарилж, зураг, төсөвгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан байсан. Тэгсэн атлаа хугацаа нь дөхсөн гадаад өр, зээлийн төлбөрийг хэрхэхээ шийдээгүй. Валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй зэрэг алдаа, завхрал ихтэй, ийм төсөв болсон. Одоо өрийг өрөөр дараад сайрхаад байдгаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй.
2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.
Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.
Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна:
Үүнд:
- Төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох;
- Төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгах;
- Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах;
- Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх.
Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Шүүхийн тухай багц хууль юм. Үүн дээр би тусгайлан санал, дүгнэлтээ танилцуулах учир энэ удаад орхиё.
Эцэст нь 13 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд дээр 500 гаруй хүн санал бодлоо биечлэн илэрхийлснийг дүгнэн хэлье. Нийт иргэд маань “нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй” гэдэг захиасыг захилаа.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.