Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр УДЭТ-т болов. Энэ үеэр тус салбарынхан 2012-2013 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилтоо хэлэлцэж, салбарын өмнө тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас боловсролын талаар тусгагдах бодлого шийдвэрт санал бодлоо тусгав. Багш нарын хувьд цалин бага гэж гомдоллохоосоо илүүтэй өөрсдийнх нь нэр хүнд унаж, элдвийн хэл аманд өртөж буйд сэтгэл зовниж байгаагаа салбарын сайддаа дуулгаж байв. Түүгээр ч барахгүй эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихаа больсон, багш нарт л бүх ажлыг даалгадаг хэрнээ үргэлж үр дүн нэхдэг. Зөвхөн багш нарт найдах биш хүүхдэдээ анхаарал тавьдаг болгох хэрэгтэй гэсэн санал санаачилгуудыг гаргаж байлаа.