Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Төр, хувийн хэвшилд ажилладаг хэн боловч үүний үр шимийг их багаар хүртэж яваа. Аж ахуйн нэгж болгоны ард олон зуун мянган айл өрхийн амь амьжиргаа бий. Олон олон залуусын ирээдүйн ажлын байр, итгэл үнэмшил, хийж бүтээх хүсэл тэмүүлэл энэ салбартай шууд холбогдоно.
"Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй Танхимын түүхэн ойд зориулсан баярын хурал болон фото зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт энэ өдөр болно. Төв талбайд урлагийн томоохон арга хэмжээ хүртэл бэлдсэн байна. Хувийн хэвшилд талархах өдрийн нэг нь өнөөдөр.
Олон амаргүй сорилтыг давж одоогийн түвшинд хүрсэн хувийн хэвшил улс орны нийгэм, эдийн засгийн тулах багана. Тэд ачааны хүндийг үүрч яваа. Баялаг бүтээгчид 1.1 сая хүнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн орлогын 80 хувийг дангаар бүрдүүлж, дотоодын эдийн засагт хөдөлгөгч хүч нь болж байна. Хэрэв хувийн хэвшил гэж байгаагүй бол сая хүний ажлын байр яах вэ...
Бизнесийн өршөөлгүй, хатуу ширүүн ертөнцөд тогтож үлдэнэ гэдэг тамир барах шалгуур. Тэгвэл үүнийг гэтэлж, хөгжиж яваа баялаг бүтээгчид өнөөдрийн нийгмийн ололт биш гэж үү.
Цалин тэтгэвэр тэтгэмж гээд хамаг л санхүүгийн эх үүсвэрийг татвар нэрээр хувийн хэвшил бүрдүүлж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам хүртэл барих ажлыг санхүүжүүлж, өөрсдөө ч эдгээрийг бүтээж байгаа.
Цар тахал, эдийн засгийн хямрал, бизнесийн орчин агшсан, аж ахуйн нэгжүүд зарим нь үүдээ барьсан, үйл ажиллагаагаа зогсоосон, хувийн өмч рүү төр нь халдсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руу орсон ээдрээтэй цаг үед Танхим 60 жилтэй золголоо. Зах зээлийн эргэлт удааширч, бизнесийн ажил хэрэгч хэмнэл саарсан мянган бэрхшээл, цар тахлын сорилт дунд Танхим шинэ жараны үүдийг нээж байна. Амаргүй жаран...
Тэр тусмаа сүүлийн 30 жил саад бэрхшээл, боломж, гарц тулсан, тулгарсан, тэвчээр шалгасан нь их. Зах зээлийн жам ёсоор өрсөлдөөн ширүүн байсныг тодотгоё. Энэ бүхэн цаг тутам хөгжил, ахиц дэвшил авчирч байсан нь лавтай. Монголын эдийн засгийн цохилох зүрх нь үндэсний хэдэн компани. Тэдний амбиц эцсийн дүндээ Монголын эдийн засгийг илүү хүчирхэг болгоход түлхэц болно. Монгол хүн илүү сайн сайхан амьдрах найдвар...
Хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, ажилтай, орлоготой монгол хүний амьдралын баталгаа, эдийн засаг өсөх, улс орны хөгжил урагшлах гол хөшүүрэг юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн нууц хувийн хэвшлийн манлайлал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын таатай орчинд оршдог. Энэ утгаараа авч үзвэл манай улсын хувьд хийж, хэрэгжүүлэх учиртай олон ажил өмнө байна.
Тухайлбал, баялаг бүтээгчдээ үнэлэх, хүндэтгэх соёл дутмаг хэвээр. Талархах бус харин ч тохуурах шинж нь улам давамгайлах нь хачирхалтай.
Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 онтой харьцуулахад манай улсын ДНБ-ий хэмжээ өнөөдөр 12 дахин өсжээ. Тоон үзүүлэлтээ авч үзвэл эдийн засгийн тэлэлт сүүлийн 30 жилийн хугацаанд чамлахааргүй өссөн харагдаж байна. Энэхүү өсөлт сайн төрийн хүчинд гэхээс илүү зүтгэлтэй хувийн хэвшлийн амжилтаар хэмжигдэх.
Эдийн засгийн хямрал, хүндрэл энэ болгоныг өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хүчээр даван туулж, үр дүнд нь өсөлт, тогтвортой байдал бий болгоход бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо хамгийн их байж ирлээ. Тэд тайзны ард явж ирлээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил татаж, олон улсын сайн туршлага, цаг хугацааны явцад шалгарч үлдсэн стандартыг түүчээлэн нэвтрүүлж, дотоодын нийгэм, эдийн засгийн хамгийн идэвхтэй оролцогч нь, тоглогч нь болж байна.
Төр, хувийн хэвшлийн хооронд гүүр болж ирсэн Танхим төрийн бус байгууллагын статустай. Хэдий тийм боловч төр засгийн бодлого шийдвэрт хамгийн нөлөө бүхий зөвлөх, сануулах, сайжруулах, бизнесийн нэгдмэл эрх ашгийг хамгаалах хүчтэй дуу хоолой, судалгааны томоохон төв, чөлөөт зах зээлийн манаач болон үйл ажиллагаа нь өргөжиж, олон улсад ч тэр хэрээр танигдаж, нэр нөлөөтэй болж чадсан байна.
Жараны босго давж буй Танхим ардчилалтай нас чацуу бизнесийг дэмжин тэтгэх, замынх нь чулууг түүх, хууль эрх зүйн хэм хэмжээг нь үргэлж сайжруулах, саарыг нь засах, ажлын байр олноор бий болгох, хадгалах, үр ашигтай байлгах гэж зорьдог. Энэ үүргээ ч хэр чадлаараа биелүүлж байгаа.
Танхимын 60 жил зөвхөн бизнес эрхлэгч, ажил олгогч хэдэн зуун мянган аж ахуйн нэгжид хамаатай зүйл биш ээ. Монгол хүн болгонд, өнөөдөр мэндлэх нялхас хүртэл энэ жаранд багтана.
Чөлөөт зах зээл, зах зээлийн эдийн засаг өнөөдөр салаа замын уулзвар дээр байна. Ирэх жаран хувийн хэвшилд илүү ээлтэй байг. Одоогийн ололтоо бэхжүүлсэн, Монголын компаниуд зөвхөн хоорондоо өрсөлдөх бус бүс нутаг, олон улсын зах зээлд гарсан, төр нь саад болох бус харин дэмжиж чаддаг, чадахгүй бол бизнест хутгалдаад байхгүй, өөрсдийн ажлаа хийдэг байвал дараагийн Жаран улам онцгой байх нь дамжиггүй.