МҮХАҮТ-ын Бизнес гадаад худалдаа, сургалт, судалгааны газрын даргаар 2000-2005 онд ажиллаж байсан Ж. Борхүүхэнтэй ярилцлаа. Танхимын 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний он жилүүдэд Танхим хувийн хэвшлийнхэнд гадаад худалдааны боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байсан. Та бол тэр гардан сургалтыг хариуцаж байсан хүн. Яагаад ийм сургалт явуулахаар шийдэж байсан бэ?
-1994 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан Гадаад худалдааны академи 2000 онд МҮХАҮТ-ын бүтцэд орж ирээд бизнесийн салбарынханд гадаад худалдааны мэдлэг, боловсрол олгож эхэлсэн. Танхимын дарга С.Дэмбэрэл өмнө нь Зах зээл судлалын хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа энэ академийг нээж, зах зээлд дөнгөж хөл тавьсан бизнесийн байгууллагуудад сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Зах зээлийн харилцаанд шилжсэн эхний он жилүүдэд гадаад худалдаа гэдэг юмыг хэн ч мэдэхгүй, олон улсын гэрээ хэлэлцээрийн анхан шатны мэдлэггүй тийм үе байсан. Тийм учраас гадаад худалдааны менежер бэлтгэх сургалт зохион байгуулах шаардлага бий болсон юм. Ажлын таван өдрөөр жилд 30-40 хүн бэлтгэж, жилдээ хоёр анги зэрэг төгсгөн гаргаж байсан тохиолдол ч бий. Энэ академийн сургалтад тухайн үеийн бүх төрийн байгууллагууд, Төрийн бус байгууллага, дөнгөж байгуулагдсан компаниуд багаа бүрдүүлж хүнээ сургаж эхэлсэн. Би энэ академид 2000 оноос хойш ажиллаад 2015 онд тэтгэвэртээ гарч байлаа.
-Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд хүмүүс гадаад худалдааг голдуу эр зоригоор гэх юм уу, ямар нэгэн гэрээ контрактгүй хийж байсан. Энэ нь эрсдэл дагуулж байсан. Эндээс академийн түүх үүссэн гэж үзэж болох уу?
-Манай байгууллага яг энэ эрэлт хэрэгцээнд суурилж бий болсон. Зах зээл гэж юу юм, бүтээгдэхүүн бараагаа яаж сурталчлах вэ гэдэг чиглэлээр бид сургалт явуулж байлаа. 1995-1998 оны үед бол хамгийн оргил үе байсан. Үргэлж хөлд дарагдсан, захиалга ихтэй, бүх яамд 20-25 хүнтэй баг гаргаад зах зээлийн эдийн засгийн талаар сургалт авдаг. Бид зөвхөн хичээл заагаад зогсохгүй бизнесийн боловсрол гэсэн 40 цуврал ном гаргаж, эндээс байгууллагууд зах зээлийн анхны мэдэгдэхүүнийг авч байсан юм.
-Тухайн үед монголчууд гадаад худалдааны асуудлаар юун дээр илүү их алдаж байсан бэ. Худалдааны түншдээ хууртах ч юм уу, ойлголцохгүй байх ийм тохиолдлууд хэр их гарч байсан бол?
-Жишээ баримт хэлж мэдэхгүй байна. Ер нь бол нийтээрээ зах зээлийн талаар ямар ч ойлголт байхгүй байсан. Гадаад зах зээл дээр яаж гарах вэ, яаж зах зээлээ сонгох вэ, хэрхэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулах вэ, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн таньж хилээр яаж оруулж ирэх ёстой юм, бараа таваар хэрхэн судлах юм гэдэг асуултын хариуг олон компани хайж байсан. Чөлөөт эдийн засгийн хаалга дөнгөж нээгдэж байсан учраас манай сургалт эрэлт ихтэй байсан хэрэг. Манай Гадаад худалдааны менежерийн ангийг төгссөн менежерүүд өнгөрсөн хугацаанд том компани, аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааг хариуцан авч явж, өнөөдрийг хүргэсэн. Манай Гадаад худалдааны академи Их сургууль төгссөн баклаврын зэрэгтэй хүмүүсийг ахисан түвшинд бэлтгэж, амьдралд дээр юу тулгардаг вэ гэдгийг практик дээр үзүүлж, зөвлөх, асуудал тулгарсан тохиолдолд яаж шийдвэрлэх вэ гэдэг рүү илүү төвлөрсөн сургалт явуулж ирсэн.
Сургалтын маань онцлог практикт чиглэсэн учраас гааль дээр тулгардаг бэрхшээлийг Гаалийн ажилтантай хамтарсан сургалтаар шийдэх, Мэргэжлийн хяналт дээр тулгарсан асуудлыг Мэргэжлийн хяналттай хамтарсан сургалтаар шийдэх, өөртөө саад учруулахгүйгээр хууль, дүрэм журамд нийцүүлээд хэрхэн бизнес эрхлэх вэ, яаж гадаад худалдааны түншээ олох вэ гэх мэт сургалтуудыг явуулж байлаа. Зах зээл тэлээд хувийн бизнес хөгжөөд ирэхээр таван өдөр ирж хичээлд суух завтай хүн олдохоо байсан. Тийм учраас бид Даваа, Пүрэв, Бямба гэх мэт гарагийн ангитай болж, нэг анги нь 30-40 хүнтэй, жилдээ 80-100 гаруй хүн төгсгөдөг байлаа. Академи маань зөвхөн гадаад худалдааны менежер бэлтгээд зогсохгүй мэргэжлийн нарийн бичгийн дарга, даргын туслах бэлтгэж байсан.
Сүүлдээ гадаад харилцаа маань өргөжиж, Германы Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоотой хамтран тэндээс экспертүүд авчирч тэдний программаар нарийн мэргэжлийн сургалт явуулж байсан. Үйлдвэрлэгчдэд зориулсан сав баглаа боодол, Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх гэх мэт сургалтыг 2015 он хүртэл 2-3 жил эрчимтэй явуулсан. Мөн ЖДҮ-ийн төсөл хэрхэн боловсруулах, ТЭЗҮ-г хэрхэн гаргах вэ гэдэгт чиглэсэн сургалтыг ч зохион байгуулж байлаа. Арилжааны банкууд зээл өгөхдөө төсөл шаарддаг учраас төслийн сургалт, ТЭЗҮ яаж хийх вэ, эдийн засгийн үр ашгийг нь яаж тооцоог гаргах вэ, зээлийн тооцоог яаж хийх юм, ямар хугацаанд ямар ашигтай ажиллах юм гэх мэт тооцоог гаргах сургалтууд маань ч эрэлт ихтэй байсан. Бид бас төсөл хийж өгөх үйлчилгээ үзүүлж байсан.
-Монгол Улс чөлөөт худалдаанд шилжсэний 30 дахь жил энэ онд тохиож байна. Өнөөдөр зах зээл харьцангуй төлөвшсөн. Энд оруулсан академийн хувь нэмрийг Та хэрхэн хардаг вэ?
-Танхим, академи хоёр бол нийгмээ, бизнес эрхлэгчдээ зах зээлийн харилцаа руу чирэх, энэ харилцаанд дасгаж, мэргэшүүлэх цаг үеийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож явдаг. Манай академи гэхэд жил бүр Монголын эдийн засаг, гадаад худалдааны Цагаан номыг гаргаж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст илгээж байсан. Цагаан номд Монголын эдийн засаг өнгөрсөн хугацаанд яасан юм, ямар өөрчлөлт орсон бэ, ирэх оны бүтээгдэхүүний экспорт, импорт ямар байх юм, дэлхийн зах зээлийн байдал ямар байна вэ. Цаашид дэлхийн эдийн засгийн прогноз ямар гарах төлөвтэй байгааг тоймлон оруулдаг байсан. Хөрөнгө оруулалт татах, хамтарсан компани байгуулах гээд бүх талын мэдээллүүд энэ номд бий. Энэ бол бизнес эрхлэгчдэд маш их ач холбогдолтой ном байсан. Манайхаас номыг худалддаг, компаниуд ирээд авдаг байсан юм. Мөн бид ирэх онд Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээл дээрх хандлага ямар байх вэ гэдгийг харуулсан урьдчилсан төлөв, байдлыг орчуулан ном болгож, Төр, засгийн болон УИХ дахь гол бодлого боловсруулагчид, төсөв төлөвлөгөө гаргадаг мэргэжилтнүүдэд илгээдэг байсан юм. Ирэх жил иймэрхүү байх юм байна аа гэсэн төлөв байдал, төсөөллийг дэлхийн банкууд, олон улсын томоохон санхүүгийн байгууллага, олон улсын эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын прогнозод үндэслэн гаргасан ном юм.
- Одоо бизнесийн сургалтууд маш өргөн хүрээтэй, олон янз болсон. Бизнес академи ч үүнд тохируулж хөгжиж байгаа. Өнөөдрийн бизнесийнхэнд хамгийн хэрэгтэй сургалт юу вэ, багш-судлаач хүнийхээ хувиар?
- Цаг үеэ дагаад хувийн хэвшил тэс өөр түвшинд гарсан. Гэрээ хэлцэл байгуулах, гадаадаас бараа оруулж ирэх, гадагш экспортлох үйл явц ч хялбаршсан. Онлайн платформоос захын хүн хүссэн бараагаа захиалж авдаг болсон энэ цаг үед сургалтын чанар агуулга компанийн нийгмийн хариуцлага, удирдлагын хөгжил, шинэлэг санаа боловсруулах чиглэл рүү явах ёстой гэж харж байна. Мөн илүү олон улсын хөтөлбөрийг Монголдоо нутагшуулж, хоёр хөршийн зах зээлд нэвтрэхийн тулд зөвхөн ашгийн биш оюун санааны түвшинд худалдаа бизнес эрхлэх кэйс, туршлага, тооцоо судалгаа багтаасан практик сургалтууд илүү үр дүнтэй гэж харж байна.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.