Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд МУИС –ийн удирдлагуудын тоглоом биш

МУИС –ийн нэгдүгээр курст орж буй хүүхдүүдийг заавал эмчийн үзлэгт хамрагдах ёстой гэсэн шийдвэрийг удирдлагууд нь гаргасан. Энэ дагуу шинээр оюутан болж буй хүүхдүүд МУИС –ийн эмнэлгийн үүдэнд хоёр хоногийн турш хонон өнжин дугаарлан зогсов. Гэвч өчигдөр сургуулийн удирдлага гэнэт “Буруу ойлголцсон байна” хэмээн цуласан олныг тараалаа.  Хэрвээ хүмүүс энэ талаар асуудал үүсгээгүй бол энэ байдал энэ сарын 31 –ний өдөр хүртэл үргэлжлэх байлаа. Дээр дооргүй хариуцлагатай байхгүй бол жирийн иргэд хохирсоор байх нь. Өглөө 11 цагийн үед үйл явдлыг сурвалжлахаар очиж МУИС –ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргатай нь уулзтал “Бид иргэдтэйгээ буруу ойлголцсон байна” гэсэн хариу өгсөн юм.
/Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганбат/
-Нэгдүгээр курсийн оюутнуудыг заавал эмчийн үзлэгт хамрагд гэсэн нь сургуулийн эмнэлгийн гадаа эмх замбараагүй байдал үүсгэлээ?
-Иргэд болон суруулийн удирдлагуудын хооронд буруу ойлголт гарсан. Тэнд байгаа хүмүүсийг сая тараасан.
-Тэгэхээр эмнэлгийн үзлэгт орох хэрэггүй болсон хэрэг үү?
-Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Гэхдээ “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан хүүхэд үзлэгт орох шаардлагагүй гэсэн. Нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүд эмчийн үзлэгт хамрагдахгүйгээр сургуульдаа бүртгүүлнэ. Харин оюутны дотуур байранд орох хүүхдүүд есдүгээр сарын 3 хүртэл эмчийн үзлэгт орох ёстой.
-Сургуулийн эмнэлгийн гадаа дугаарлаж байсан хүмүүс бүртгүүлэхээсээ өмнө эмчийн үзлэгт орох ёстой гээд бүтэн хоёр өдөр зогссон?
-Харин буруу ойлголцсон гэж хэлсэн шүү дээ. Одоо зохион байгуулалтад оруулсан. Ямар ч асуудал гаргахгүй.
Энэ үеэр үзлэгт дугаарлан зогсож буй иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.

Зохион байгуулалт сайтай бол ийм хүндрэл гарахгүй
/ Ч. Жаргалсайхан /


-Сайн байна уу та. Хаанаас ирсэн бэ?

-Завхан аймгийн Тэс сумаас ирсэн.
-Хэзээнээс эхэлж дугаарласан бэ?
-Өчигдөр өглөө ирж зогссон. Гэвч өдөржин энд зогсоод ч ажлаа бүтээж чадаагүй болохоор өнөөдөр өглөө дахиад ирж зогсч байна. Уг нь өчигдөр орж чадаагүй үлдсэн хүмүүсийг өглөө оруулна гэж хэлсэн. Манай хүүхэд 20 дугаарт нь нэрээ бичүүлсэн ч 06 цагаас хойш зогсоод одоо 12 цаг болох гэж байхад үзүүлж чадаагүй л байна.
-Хоёр гурван хэсэг болж салж зогссон байна?
-Ямар ч зохицуулалт алга. Үүдэнд зогсч байгаа хүмүүс нь урдуур хойгуураа хүмүүс оруулаад л байх юм. Хуваарь хийж хадсан ч дагаж мөрдөж байгаа хүн алга. Хамгийн сүүлийн хүүхдээ 31 –ний өдөр гэхэд үзэж дуусгана гэж зарласан. Энэ байдлаараа бол амжихгүй байх. Бид ажил төрөлтэй хүмүүс гэдгийг ер ойлгохгүй юм.
-Өнгөрсөн жилүүдэд ингэж эмчийн үзлэг хийгдэггүй байсан. Энэ талаар таны бодол?
-Уг нь, хэн хэндээ хэрэгтэй. Соёлтой боловсон зохион байгуулаад хүндрэл чирэгдэлгүйгээр эмчийн үзлэгт нь оруулсан бол сайн байх байлаа.
-Хураамж мөнгө гэж авч байгаа гэсэн хэдэн төгрөг авч байна вэ?
-Таван мянган төгрөг гэсэн. Тэгсэн хэрнээ үзэж харсан юм багатай л юм шиг сураг дуулдаж байна.

Хөдөөний бид ажил ихтэй шүү дээ / Ц. Доржханд /

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Дорнод аймгийн Матад сумаас ирсэн. Доржханд гэдэг хүн байна.
-Хэдэн хоног зогч байна вэ?
-Өчигдөр 09 цаг болж байхад ирсэн. Гэтэл орой болчихлоо гээд энд байсан хүмүүсийн нэрийг бичиж аваад тараасан. Өдөржин хүлээсэн хүмүүс бухимдсандаа хоорондоо хэрүүл маргаан хийж,  эцэг эхчүүд нь эмх замбараагүй байдал үүсгэж зодолдсон. Тэгээд өчигдөр орж чадаагүй гадаа үлдсэн 100 гаруй хүүхдийн нэрийг бичиж аваад маргааш өглөө ирээрэй гэж хэлсэн. Өглөө энд иртэл хүмүүс шинээр дугаар үүсгээд өчигдрийн бид хэдийг оруулахгүй бас л хэрүүл маргаан болоод зогсч байна даа.
-Та өнөөдөр хэдэн цагт ирсэн бэ?
-Би өглөө 07 цагт ирсэн
-Энэ талаар та өөрийн үзэл бодол илэрхийлэхгүй юу?
-МУИС маш их чирэгдэл учруулж байна. Үзлэгт оруулж байна гээд сургуулийнхаа эмнэлгийн гадаа хүмүүс цугуулаад л.  Хөдөөнөөс ирсэн бидний хувьд мал ахуй, хадлан тэжээлээ авна гээд зөндөө ажилтай байхад ингэж хүндрэл учруулж байгаа нь  их төвөгтэй санагдаж байна. Хүүхдээ сургуульд оруулахын тулд халуунд халж, хүйтэнд нь хөрөөд хонон өнжин зогсч л байна. 2, 3 хоног будлиулаад байлгаад л байх юм.

 Ажлаа зохион байгуулалттай хийх хэрэгтэй / Р.Батсайхан /

-Хаанаас ирсэн хэн гэдэг хүн бэ?
-Ах нь хотынх. Батсайхан гэдэг.
-Сургуульдаа бүртгүүлэхдээ заавал эмчийн үзлэгт орох ёстой гэсэн шаардлагыг нь та хувьдаа юу гэж бодож байна вэ?
-Заавал эмчийн үзлэгт орох ёстой гээд байна. Уг нь, эмчийн үзлэгт оруулах нь зөв. Гэхдээ жаахан зохион байгуулалттай ажиллах байсан юм.
-Хүмүүс хонож дугаарласан гэсэн. Та хэдэн цагт ирсэн бэ?
-Өглөө 06 өнгөрөөгөөд ирсэн. Өглөөнөөс хойш зогсч байсан тэр л газартаа байж байна. Урагшласан ч үгүй, хойшилсон ч үгүй.
-Энд гурван хэсэгт хуваагдаж дугаарладаг нь ямар учиртай юм бэ?
-Эхний дараалалд байсан нь өчигдөр үлдсэн хүмүүс. Хоёр дахь нь өнөөдөр шинээр ирсэн хүмүүс. Гурав дахь нь эрүүл мэндийн дэвтэр шинээр бичүүлсэн хүмүүс. Өөх ч биш булчирхай ч биш ажил зохион байгуулж хүмүүсийн ажил, амьдралыг саатуулж байна.

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Oyutnii zuvlul ni gej oligtoi ajillaach ee bid hezee jagsaald oroltsoh yum jagsahad belen
Хамгийн их уншсан