2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын өр 30.8 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны эцсээс 100 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Ялангуяа Засгийн газрын өр II улиралд өмнөх улирлаасаа 655 сая ам.доллароор нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ оны төсвийг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Цар тахлаас үүдэлтэй хүндрэл, экспортын орлого буурсан зэргээс үүдэж Засгийн газрын өр улам нэмэгдэх хандлагатай байна.
Хэдий тийм боловч дотоод бодлогоос үл хамааран сайн мэдээ нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг урт хугацаанд 0 хувьтай ойр хадгална гэдгээ илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарахаас сэргийлэх алхам хийгээд байна. Энэ нь ирэх онд “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж магадгүй байна.
“Мазаалай” бонд нь 10 гаруй хувь буюу Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай санхүүжилтийн нэг юм. Олон улсын жишгээр өр барагдуулах хугацааг сонгохын тулд амлах хүүгээ өндөрсгөх хандлага давамгайлдаг. Эсвэл эдийн засгийн нөхцөл сайжирсан тохиолдолд шинээр бонд гаргах туршлага хэрэгждэг. Гэвч цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засгийн эрсдэл нэмэгдсэн тул нөхцөл байдал тийм ч таатай харагдахгүй байна.
Эх сурвалж : Монголбанк