Олон улсын жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн манай улсад ирэх сарын 8, 9-нд болно. Энэ тэмцээнээр ирэх олимпын наадмын хамгийн анхны оноог олгох учир баг, тамирчид маш их ач холбогдол өгч буй. Ингээд шигшээ багийнхан бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байгаа талаар Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын жүдо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч О.Балжиннямтай ярилцлаа.
-Удахгүй болох “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд хэдэн орны тамирчин оролцохоор болсон бэ?
-Энэхүү тэмцээнийг манай жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга санаачлан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 10 гаруй орны тамирчин оролцох болсноо албан ёсоор мэдэгдэж мэдүүлгээ ирүүлээд байгаа. 2016 оны Бразилын олимпын наадамд оролцох эрхийн хамгийн анхны оноог олгох учир улс, орнууд нэлээд ач холбогдол өгч байх шиг. Хоёрдугаарт, саяхан болсон олимпын наадамд ялагдал хүлээсэн тамирчдын хувьд алдаагаа засах, ахиулах сайхан боломж гарч ирж байна. Үүгээрээ бусад тэмцээнээс илүү ач холбогдолтой юм.
-Хэр олон олимп, дэлхийн аварга оролцох шинжтэй байна вэ?
-Ерөнхийдөө дараагийн олимпдоо бэлтгэж буй тамирчид оролцдог гэдгийг уншигчид мэдэж байгаа байх. Одоогоор залуу тамирчид л оролцох төлөвтэй байна даа.
-Оролцох тамирчдаа хэрхэн сонгон шалгаруулж авах бол. Улсаа төлөөлж барилдах тамирчдын талаар уншигчид маань сонирхож байгаа нь лавтай.
-Манай зарим жинд тив, дэлхийн аварга олон байна. Мөн жин өгсч буй тамирчид ч бий. Аль болох шинэ, залуу тамирчдыг ялалт байгуулбал оролцуулна гэж зорьж байна. Ерөнхийдөө жин тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна.
-Тамирчдын бэлтгэл хэр хангагдаж байна?
-Сайн байгаа.
-Ингэхэд таны барилдаж байсан үетэй харьцуулахад одоогийн шинэ залуу тамирчдын барилдааныг техник хэр өөр болсон бэ?
-Дүрэмдээ зохицсон барилдааны хувилбар болон техникийн хувьд нэлээд хөгжсөн. Ялангуяа, манай тамирчдын тоо өсч, залуужиж байна. Мөн тив, дэлхийд Монголын жүдочид амжилт гаргаж буй нь хөгжлийн нэг хэлбэр юм даа.
-Монголын жүдо бөхийн баг тамирчид Лондонгийн олимпод амжилттай оролцож хоёр ч медальтай ирсэн. Энэ талаархи таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Олимп гэдэг хүн төрөлхтний их баяр наадам байдаг шүү дээ. Тамирчдын дөрвөн жилийн хөдөлмөр, үр дүнг шалгадаг тийм агуу том тэмцээн. Энэ тэмцээнээс манай баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Бээжингийн олимпоос нэг медалиар амжилтаа ахиулсан Н.Түвшинбаярын хувьд алт авах боломж байсан ч барилдааны явцад бэртлийн улмаас ялагдал хүлээсэн. Манай Ням-Очирын хувьд ч медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан. Шүүгчийн ёс зүйн алдаанаас болоод ялагдал хүлээж хүрэл медаль хүртсэн. Гэхдээ чамлаад байхаар амжилт биш гэж бодож байгаа шүү. Тэгээд ч манай тамирчид бүгдээрээ сайн барилдсан. Барилдааны оноолт бүр хатуу байлаа. Энэ бүхнээс харахад жүдогийн спорт жигд хөгжсөн, чансаа ямар дээгүүр байгаа нь энэ удаагийн олимпоос харагдсан болов уу.
-Х.Цагаанбаатар гавьяатын хувьд энэ удаагийн олимпыг амжилт муутайхан дуусгасанд харамсах хүн олон байна. Магадгүй түүнд хэтэрхий их ачаа үүрүүлчихсэн юм болов уу?
-Цагаанбаатарын хувьд медаль хүртэх бүрэн боломжтой байсан. Цаг дуусах мөчид тактикийн алдаа гаргасны улмаас хожигдсон. Энэ нь тамирчин хүнд тохиолддог л зүйл шүү дээ.