Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Дүвчин: С.Батцэцэгт шантарч байсан тохиолдол тун ховор

Лондонгийн олимпын наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг  63 кг-д хүрэл медаль хүртэж тэртээх 1980 оны Москвагийн олимпын наадмаас хойш тасраад байсан чөлөөт бөхийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Түүнийг амжилт гаргахад нөлөөлсөн Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчинтэй ярилцлаа.

-Олимпын наадам өндөрлөөд багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн ч тантай олимпын хүрэл медаль хүртсэн тэр торгон агшины талаар яримаар байна?
-Сайхан байна. Ер нь, тамирчин хүний эрхэм зорилго олимпын наадмаас алтан медаль хүртэх байдаг юм. Батцэцэгийн хувьд зорилгоо нэг шатаар ахиулж чадлаа. Багш, дасгалжуулагчийнх нь хувьд сэтгэл өндөр байна.

-Гол нь, 32 жилийн хугацаанд хэн ч авч чадаагүй медалийг эх орондоо авчирсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа?
-Энэ наадмын медалийн буухиа 1980 оноос хойш тасарсан. Тиймдээ ч манай чөлөөт бөхийн холбоо, удирдлагууд  олимпоос медаль авахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилласан. Мөн чөлөөт бөхийн спортыг дэмждэг олон компани, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр 63 кг-ын жинд манай орны бөх медаль хүртсэн юм шүү. Ингэж л олон жил гаргаж чадаагүй амжилтын буухиаг үргэлжлүүлсэн хэрэг.

-Олимпын наадмын барилдааныг нь эргээд нэг дурсвал?
-Хүний сэтгэлд алт авсан барилдаанууд нь л хамгийн тодоор үлддэг.  Хамгийн гол нь тамирчин хүн амжилтад хүрэхгүй байсан ч хүрэх арга замаа мэддэг байх хэрэгтэй. Тэр нь тухайн хүний барилдааны арга туршлагаас хамаардаг юм.
  
-Хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд хүндхэн болсон?
-Нэг ялагдсан хүн хоёр дахиа ялагдвал  хоосон хоцордог. Тийм учраас л хүндхэн болсон хэрэг. Ялангуяа, дэлхийн гурван удаагийн аварга, гурван удаагийн мөнгөн медальтай хүнтэй таарч барилдана гэдэг хүнд байхаас ч яахав.  Харин яаж барилдах талаас нь ахлах багш болон гавьяат тамирчин Болд биечлэн үзүүлж, зааж өгөөд гаргасан.

-Барилдахаар гарахдаа сэтгэл зүйгээ бэлтгэсэн байсан юм бол?
-Ер нь, өөрөө их зоригтой тамирчин л даа. Ямар ч үед шантраад айгаад байдаггүй.  Барилдахын өмнө айж эмээсэн зүйл ер харагдаагүй шүү. 

-Бэлтгэлийн явцад ирэх ачааллыг хэр дааж байв?
-Би өөрөө тамирчин байхаасаа л хөнгөн уяаны хүн байлаа. Тийм болохоор хүүхдүүдээ  бас тийм болгочих гээд байдаг талтай. Бид Болгарт 21 хоног эрчимтэй бэлтгэл хийсэн. Ямар ч байсан тэр өгч буй ачааллыг даагаад гараад ирсэн. Ер нь, С.Батцэцэгт шантарч байсан тохиолдол тун ховор шүү.

-Таныг С.Батцэцэгийг анх энэ спортод оруулсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Анх тодруулж гаргаж ирсэн хүн нь би биш. Энэ хүүхэд Архангай аймгийн Хашаат суманд Дондов гэдэг багш дээр зургаа, долоон сар хичээллэсэн байдаг юм. Өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальтай хүүхэд л над дээр анх 2007 онд ирж байлаа. Тэр үеэс нь эхэлж залуучуудын улсын аварга, дэлхийн аваргын тэмцээнд оролцуулсан.  Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж байсан.

 -Д.Отгонцэцэгт хүмүүс нэлээд найдлага тавьж байсан. Жаахан тааруухан барилдчих шиг болсон. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Барилдаан  нь болж өгөөгүй юм. Гэхдээ энэ олимп түүнд туршлага болж өгсөн гэж бодож байна. Дараа, дараагийн тэмцээн уралдаанд болох байлгүй дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан